Д.Ганпүрэв: Б.Чинбат маань хүмүүсээс мөнгө зээлж эмчилгээгээ үргэлжлүүлж байна

Д.Ганпүрэв: Б.Чинбат маань хүмүүсээс мөнгө зээлж эмчилгээгээ үргэлжлүүлж байна

Монголын урлагт өөрсдийн гэсэн том орон зайг бий болгосон  гэр бүлийн уран бүтээлчид цөөнгүй. Эдгээрийн нэг бол яах аргагүй “Никитон” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэр бүл юм. Хоёр сарын өмнө хөгжмийн зохиолч Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, түүний гэргий дуучин Ц.Сарнай донор болсон. Хагалгаа амжилттай болсон ч Б.Чинбатын биеийн байдал тогтворгүй болж, хагалгааны дараах эмчилгээний зардал өндөр гарсан билээ. Иймээс Монголын урлаг соёлын одод, түүний нөхөд нь хамтран “Хос зүрхийг аваръя” хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн.

Энэ аяны хүрээнд  "Niciton & Friends" тоглолт болон Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтарсан "Аравт" хэмээх хоёр тоглолтыг зохион байгуулж тоглолтын орлогыг эмчилгээний зардалд хандивлах байсан ч коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг үйл ажиллагааг хойшлуулсан. Иймээс тоглолтууд хойшилж гуравдугаар сарын 14-нд болсон ч өчигдөр Засгийн газраас хөл хорионы хугацааг сунгаж, тоглолтууд дахин хойшилсон юм. Бид “Хос зүрхийг аваръя” аяныг санаачилсан “Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэвээс хандивын аян болон Б.Чинбат, Ц.Сарнай нарын биеийн байдлын талаар асуусан юм.

-Хөл хорионы хугацааг дахин сунгаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хойшлууллаа. Хандивын тоглолт мөн хойшлох уу?

-Тийм ээ. Тоглолтыг дахин хойшлуулж байна. Гэхдээ яг шийдвэр нь гараагүй, манай баг дахин хуралдаж шийднэ.

-Хосын биеийн байдал одоогоор хэр байгаа вэ?

-Өнөөдөр Ц.Сарнай холбоо барьсан. Биеийн байдал нь бүрэн тогтворжоогүй, эмчилгээ хийлгэж байгаа ч хааяа, хааяа даа “санаа зовоож” байгаа гэсэн. Хагалгаа амжилттай болсон ч өдөр тутмын эмчилгээний зардал дутсаны улмаас хүмүүсээс зээлж, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэсэн. Энд зөвхөн нэг хүний эмчилгээний асуудал бус хоёрын хоёр залуу хүний, хоёр сайхан уран бүтээлчийн амь насны асуудал яригдаж байна. Хагалгаа хийснээс хойш Чинбаа, Сарнай хоёрт эмчилгээгүй өнжсөн өдөр гэж байхгүй. Тэр бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа. Өндөр өртөг төлбөртэй тул цаашдаа санхүүгийн байдлаасаа болж эмчилгээгээ хийлгэж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж байна.

-Эмчилгээний зардалд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа вэ?

-Гэр бүлийн хос хамтдаа хагалгаанд орсон учраас өдөр бүрийн эмчилгээ, шинжилгээний төлбөр сая, саяар тоологдож байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар 140 сая төгрөг шаардлагатай байгаа. Ард түмэндээ зориулан тоглох тоглолтын орлогыг Чинбаа, Сарнай руу илгээснээр зардлыг асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм уг нь.

-Хөл хорио дууссаны дараа тоглолт зохион байгуулна гэсэн үг үү?

-Хөл хорионы үеэр тоглолт зохион байгуулах боломжгүй. Монгол улсын ЗГ-ийн шийдвэр, тогтоолыг зөрчих эрх байхгүй. Хэдийгээр тоглолтын хугацаа хойшлогдсон ч бид энэ тоглолтыг заавал зохион байгуулна.