ЭМЯ: Өчигдрийн байдлаар Монгол Улсад хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ЭМЯ: Өчигдрийн байдлаар Монгол Улсад хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ЭМЯ-наас коронавирусийн тархалтын сүүлийн үеийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хйилээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа.Жишээ нь, даарч хөрөхгүй байх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж мөн хангалтай хэмжээгээр унтаж, амрах нь дархлааг сайн дэмждэг. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна" гэлээ. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар COVID-19 халдварын 75,292 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1,900 тохиолдол, 5 нас баралт гарсан байна.

Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж буй бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна. Бага насны хүүхэд халдварлах нь цөөн байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах судалгаа хийгдэж байгаа.

Голомтод бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг харахад хүн олноор цугласан газарт халдвар тархаж байна" гэлээ.

Өчигдөр Завхан аймагт нэг сэжигтэй тохиодол бүртгэгдэн тусгаарлагдсан бол, Улаанбаатар хотод Тяньжинаас ирсэн нэг оюутан халуурч ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Замын-Үүдэд тусгаарлаж буй иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Мөн Цагаан сар тэмдэглэхтэй холбоотой асуудлаар дахин сануулахад коронавирусээр өвчилж буй хүмүүсийн дийлэнх хувийг өндөр настнууд эзэлж буй учраас иргэд өндөр настныд бөөнөөрөө очиж золгох, хүн амын төвлөрлийг үүсгэх зэргээр тэднийг эрсдэлтэй байдалд оруулахгүй байхыг уриалж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаагаас гадна ДЭМБ бусад олон улсын байгууллага, иргэд, ААН-үүд хандив, тусламж өгсөөр байна" гэдгийг мэдээлэв.