Үзэгчид “Parasite” киноны найруулагчийг Энэтхэг кинонаас хуулбарлаагүй гэж үзэж байна

Үзэгчид “Parasite” киноны найруулагчийг Энэтхэг кинонаас хуулбарлаагүй гэж үзэж байна

Энэтхэгийн найруулагч P.L.Thenappan "Parasite" уран сайхны киног “Minsara Kanna” хэмээх Энэтхэг киноноос хуулбарласан хэмээн шүүхэд өгөхөө энэ долоо хоногт мэдэгдсэн юм.

Найруулагч P.L.Thenappan "India Today" сонинд өгсөн ярилцлагадаа "Би саяхан БНСУ-ын "Parasite" киног үзэхэд киноны зарим хэсгийг "Minsara Kanna" хэмээх киноноос хуулбарласан юм шиг санагдлаа. Тиймээс би хуульчидтайгаа зөвшилцөж байгаад шүүхийн байгууллагад хандах болно" гэжээ. Тэрээр яг аль хэсгээс нь хуулбарласан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Харин "Minsara Kanna" киноны найруулагч K.S.Ravikumar "TNM" сайтад өгсөн ярилцлагадаа "Би "Parasite" киног хараахан үзээгүй байгаа. Хүмүүсийн ярианаас сонсох нь ээ миний киноноос санаа авсан бололтой. Гэхдээ энэ бүтээл үнэхээр л миний киноноос санаа авсан бол би баярлах нь зүйтэй байх. Ямартай ч тус кино багийнханд Оскарын шагнал хүртсэнд нь  баяр хүргэе" гэж ярьжээ.

“Minsara Kanna” кинонд Каннан хэмээх нэгэн залуу баян айлын охинд дурладаг бөгөөд өөрийн хувийн мэдээллийг нууж хайртай бүсгүйнхээ гэрт хамгаалагчаар ажилд орж буй тухай өгүүлдэг. Дүүгээ ч мөн тэр айлд гэрийн үйлчлэгч, тогоочоор ажилд оруулдаг аж.

Харин “Parasite” кинонд нэгэн ядуу айлын хүү найзынхаа хүсэлтийн дагуу баян айлын охинд хичээл заахаар болдог. Ийнхүү дүү охин, аав, ээжийгээ ч өнөөх баян айлд ажилд оруулснаар киноны үйл явдал өрнөдөг.

Энэ талаар үзэгчид эсрэг байр суурьтай байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Энэтхэг улсын нэгэн иргэн “Энэ утгагүй зүйлийг зогсоо. Паразитын нэг хэсэг л тэр кинотой ижил төстэй байсан. Хэрэв та кино урлагийг сонирхдог, олон киног шимтэн үзсэн бол нийтлэг зүйл олон байдаг гэдгийг ойлгох болно. Ард түмэн минь дэлхий нийтийн өмнө хошигнол болохоосоо өмнө тэнэглэлээ хурдан зогсоо” гэсэн сэтгэгдлийг үлдээжээ.

Мөн өөр нэгэн Солонгос улсын иргэн “Бон Жон Ху энэ киног үзэж ч амжаагүй яваа гэдэгт итгэлтэй байна. Инээдтэй мэдээлэл байна” гэж жиргэсэн бол өөр нэгэн иргэн “Энэ хоёр кино тэс өөр утгатай. “Minsara Kanna” хайр дурлалын тухай өгүүлдэг бол “Parasite” нийгмийн асуудлыг хөндсөн гэж бичжээ.