Тархины хорт хавдартай өвчтөн мэс заслын туршид хийл хөгжим тогложээ

Тархины хорт хавдартай өвчтөн мэс заслын туршид хийл хөгжим тогложээ

Дагмар Турнер хэмээх хийлч бүсгүй Лондонгийн “Kings” коллежийн эмнэлэгт тархины хорт хавдрын мэс засалд орж, мэс заслын туршид хийл хөгжим тогложээ.

Тархины хорт хавдрын мэс заслыг өвчтөнг нойрсуулахгүйгээр хийснээр тархийг гэмтээх магадлал маш бага байдаг аж. Иймээс 53 настай бүсгүйн тархийг гэмтээхгүйн тулд хагалгааны туршид хөгжим тоглуулсан юм байна. Түүний баруун тархины урд хэсэгт хавдар ургасан бөгөөд тархины энэ хэсэг хүний гарын хөдөлгөөнийг удирддаг аж.

Турнер хэлэхдээ “Би арван настайгаасаа л хийл тоглож эхэлсэн. Хорт хавдрын улмаас хөгжим тоглох чадвараа алдана гэдэг миний хувьд бүхнээ алдахтай л адил байсан” гэсэн байна.

Мэс заслыг удирдсан эмч “Бид жилд тархины хорт хавдрын 400 орчим хагалгаа хийдэг. Хагалгаа хийх явцад өвчтөнүүдээр хэлний дасгал ажиллуулдаг ч, ингэж хөгжим тоглуулан мэс засал хийсэн нь анхны удаа байлаа” гэжээ. Эмч нар Турнерийн хагалгааг амжилттай хийж тархийг нь гэмтээхгүйгээр хавдрын 90 хувийг авч чаджээ.