ВВС: Ази хүмүүсийг "Ялгаварлан гадуурхах" үзэл улам гүнзгийрч байна

ВВС: Ази хүмүүсийг "Ялгаварлан гадуурхах" үзэл улам гүнзгийрч байна

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвараас болж дэлхийн улс орнуудын зүгээс хэт болгоомжлол үүсээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн дэлхий дахинд Ази хүмүүсээс болгоомжлох, тэднийг ялгаварлан гадуурхах үзэл бий болсон. ДЭМБ болон БНХАУ-ын зүгээс хэт болгоомжлол үүсгэж, байдлыг хурцатгахгүй байхыг үргэлж анхааруулж байгаа хэдий ч хүмүүсийн айдас болгоомжлол, мөн гадуурхал огт буурахгүй байгааг BBC агентлаг онцолжээ.

Вирус дэлхий даяар тархаж эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дотор БНХАУ-ын ард иргэд, цаашлаад Ази төрхтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах олон тохиодол гараад буй бөгөөд түүнийг илрүүлэн, аливаа эрсдэлээс хамгаалах, сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх Азийн хэд хэдэн нийгэмлэг бий болжээ.

-ЭНЭ БОЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЕ БИШ ДЭМЖИЖ, ТУСЛАХ ҮЕ-

Вирус гарсанаас хойш тун удалгүй Франц, Австралийн сонинуудад "Шар аюул", "Вирустэй хятад панда", "Хятад хүүхдүүд гэртээ үлд" зэрэг гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн бол саяхан Австралийн Перт хотод амьдардаг Ази уламжлалтай нэгэн гэр бүлийг “вирус” хэмээн доромжилж халдсан хэрэг гарчээ. Гэрийнх нь гадаах орчныг шүршигч будаг ашиглан бохирдуулж мөн автомашин дээр нь өндөг шидэж танхайрчээ. Энэ талаар Pierre Yang гэх фейсбүүк хаягтай хүн сэтгэгдлээ хуваалцан “Энэ бол ялгаварлан гадуурхах үе биш, дэмжиж туслах үе” хэмээн  бичжээ.

Түүний постыг харсан хүмүүс “Цочирдмоор! Жигшүүртэй, хүлээн зөвшөөрөгдөхгүй зан үйл. Тэднийг үзэн ядаж, айхаас илүүтэйгээр өрөвдөж, туслах ёстой. Удахгүй энэ цаг, үе дуусна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

-БНХАУ-ЫН ИРГЭД БОХИР ЗҮЙЛС ИХЭЭР ИДДЭГ ГЭСЭН ҮЗЭЛ
ДЭЛХИЙ ДАЯАР ДЭЛГЭРЧЭЭ-

Тус вирус нь зэрлэг ан амьтдыг зардаг нойтон захаас үүссэн мөн сарьсан багваахайгаас халдвар үүссэн байж магадгүй гэсэн мэдээтэй холбогдуулан БНХАУ-ын иргэд ямар ч хамаагүй бохир зүйлс ихээр иддэг тухай үзэл дэлгэрээд байна. Үүнтэй холбогдуулан твиттерт тархсан нэгэн шог зураг олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй аж. Уг зураг нь биен дээрээ сарьсан багваахай болон вирусийг дүрсэлсэн хятадаар мэндэлж буй эмэгтэйн зураг юм.

 

Мөн саяхан Герман улсад нэгэн Ази эмэгтэйг гал тэрэгний буудал дээр харгисаар зодсон тухай мэдээлэл цацагджээ. Түүнийг “вирус” хэмээн араас нь хөөж, түүний биед халдсан байна. Тэрээр хэлэхдээ, би визээ үзүүлэн эндхийн байнгын оршин суугч гэдгээ батлахыг хүссэн ч миний Ази царай тэдний бухимдлыг төрүүлж байсан” гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд ялгаварлан гадуурхах үзлийг няцаасан нийтлэлүүдийг англи хэлээр нэвтрүүлэн дэлхийн үзэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулсан.

-ЯПОНД ХЯТАДУУДЫГ “БИОТЕРРОРИСТ” ХЭМЭЭН ҮЗЭХ БОЛЖЭЭ-

Гэхдээ тэд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн хямралыг хэрхэн даван туулж байгааг буруу мэдээлсэн нь "унаж байхад Хятад руу өшиглөсөн” явдал боллоо хэмээн CGTN телевизийн нэвтрүүлэгч Лю Син мэдээлжээ.

Сингапур, Малайзад хэдэн зуун мянган хүн хятад иргэдийг улс оронд нь оруулахыг бүхэлд нь хориглохыг уриалсан онлайн өргөдөлд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын засгийн газрууд зарим тохиолдолд хориотой арга хэмжээ авчээ Үүний зэрэгцээ, дэгдэлт тасралтгүй үргэлжилж байгаа тул гадаадад байгаа Хятад, Ази хүмүүсийн хувьд ялгаварлан гадуурхах үзэгдэл, цөхрөл улам бүр гүнзгийрч байна.

Н.АНУ




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө