Т.Аюурсайхан, Д.Ганболд нарын “ЗОДООН” Чингэлтэй дүүргийн Засаг даргыг ОГЦРУУЛХАД ХҮРГЭВ

Т.Аюурсайхан, Д.Ганболд нарын “ЗОДООН” Чингэлтэй дүүргийн Засаг даргыг ОГЦРУУЛХАД ХҮРГЭВ

-Д.ГАНБОЛДЫГ ДҮҮРГИЙН НАМЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛСНӨӨР
МАРГААН, ТЭМЦЭЛ ЭХЭЛСЭН ТҮҮХТЭЙ-

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хасах шийдвэрийг гаргасан. Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг мөн хассан юм. Тэднийг ганц МАН-ын Бага хурлын гишүүнээс хасаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн намын сонгуульт ажлаас чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Намынхаа дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр тэднийг хассан гэж буй.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ талаар "Би ямар нэгэн байдлаар намын дүрмийг зөрчөөгүй. Юм хийсэн намын гишүүн эсвэл дүүргээ чичилж байгаа бол нам дарангуйлагч болж байгаа юм болов уу даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх чөлөө. Цөөнхөө сонсоод олонхоороо шийдвэр гаргах бодлогыг алдаа гэж байгаа бол надад хэлэх үг алга. Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой юм" гэсэн тайлбарыг өгч байсан юм. 

-Т.АЮУРСАЙХАН Д.АМАРБАЯСГАЛАНГААР ХАМГААЛУУЛЖ ЧИНГЭЛТЭЙ МАН-ЫН ДАРГАД ГАНЦААРАА ӨРСӨЛДСӨН БАРИМТ ДЭЛГЭГДСЭН ТҮҮХ Ч БИЙ-

Тэгвэл МАН-ын Хяналтын хорооны дээрх учир битүүлэг шийдвэрийн цаана улс төрийн эрх ашиг, томоохон “зодоон” явсан нь тодорхой болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэйн намын хороог эрх мэдэлдээ авахаар хөдөлж, дарга болохоор үүрийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байдаг. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар дэмжиж хүч хавсаргасан бөгөөд тэд төлөвлөснийхөө дагуу Чингэлтэй дүүргийн үүрийн хурлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулж энэ үеэр Т.Аюурсайхан, Д.Ганболдтой дүүргийн намын даргын албан тушаалд өрсөлдсөн.

Т.Аюурсайхан уг сонгуульд ялагдсаныхаа дараа Д.Ганболдыг хасч өөрийгөө дахин ганцааранг нь нэр дэвшүүлж Чингэлтэйн МАН-ын дарга болсон баримт ч олон нийтэд ил болсон. Үүнтэй холбоотойгоор  МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хөөх шийдвэрийг гаргасан билээ.

-Т.АЮУРСАЙХАНЫ ХҮМҮҮС Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС, Д.БАТ-ЭРДЭНИЙГ ИТХ-ЫН ДАРГААС ОГЦРУУЛАВ –

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон удирдлага, хэлтсийн ажилчид нь хоёр хуваагдан талцаж, ажлаа хийлгүй коридортоо гарч зогсоод хэрэлдэж байна. Энэ хооронд Чингэлтэй дүүргийн иргэд хохирч, төрийн ажил гацаж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 18 төлөөлөгч Засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагыг хоёрдугаар сарын 03-ны өдөр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд өгчээ. Тухайн үед ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 16-ны өдөр хурал зарлаж Засаг даргыг огцруулах асуудлыг шийднэ гэх хариултыг өгсөн байна.

Гэтэл дээрх 18 төлөөлөгч Засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хүлээж аваагүй гэх шалтгаанаар ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийгээ огцруулжээ. Ингэхдээ дүүргийн ИТХ-ыг хуралдуулалгүй өөрсдөө гарын үсэг зураад л огцруулчихсан гэдгийг ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хэлж байна. Улмаар Д.Бат-Эрдэнийг  “Тамгаа өг, өрөөгөө сулла” гэж шахаж өрөөнийх нь тавилгыг үүдэнд нь овоолж орхижээ. Энэ дагуу цагдаагийн байгууллагын төлөөлөгчид сүүлийн өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тамгын газрын байранд ажиллаж байна.

Харин Д.Бат-Эрдэнийг огцруулсан ИТХ-ын 18 төлөөлөгч хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн ИТХ Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийнхаа дагуу хуралдаж Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын даргаас чөлөөлсөн. Олонхоороо шийдвэрлэж, ИТХ-ын дараагийн даргыг томилсон. Тиймээс шинэ дарга томилогдсон өдрөөсөө эхлэн ажлаа эхлүүлэх ёстой. Ажлынхаа өрөөнд үйл ажиллагаагаа явуулах ёстой биз дээ. Ажил хүлээлцэж өгөх ёстой төрийн албаны комисс ажлаа хийхгүй байна. Маш олон хуулийг зөрчсөн учраас Д.Бат-Эрдэнэ даргыг огцруулсан” гэсэн юм.

Тэгвэл эдгээр төлөөлөгчид өчигдөр /2020.02.20/ны өдөр Засаг дарга Ж.Эрдэнэбатыгаа мөн огцруулсан  байна. Шалтгаан нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Хэлтэс, албадын дарга нар ажлын байранд архидаж ажилчдаа зодсон. Төрийн албаны хууль, дүрмийг зөрчсөн дээрх дарга нарт хариуцлага тооцож өгөхийг Засаг дарга Ж.Эрдэнэбатаас хүсэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж ИТХ-ын 18 төлөөлөгч хэлэв.

-Ж.ЭРДЭНЭБАТ: Т.АЮУРСАЙХАН НАМАЙГ ӨРГӨДЛӨӨ ӨГ ГЭЖ ШАХСАН-

Чингэлтэй дүүргийн 30 төлөөлөгч 18/12 оороо хуваагдаж Засаг дарга болон ИТХ-ын даргаа огцруулсан уг зохион байгуулалтын цаана УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан бий гэж буй. Өөрөөр хэлбэл Т.Аюурсайхан гишүүн далдаас уг ажлыг зохион байгуулсан гэх мэдээллийг өгч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнбатад шахалт үзүүлж, өөрийн талын хэд, хэдэн хүнийг албан тушаалд томилуулах гэж оролдсон гэж буй. 

Ингээд тус хүсэлтийг биелүүлэхгүй болохоор нь төлөөлөгчдөөр дамжуулж өөрийг нь огцруулж байна гэж Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн билээ. 

Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг чөлөөлөх захирамжийг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гаргав. Ж.Эрдэнэбатын оронд Ж.Лхагвасүрэнг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

2020 оны сонгууль мажоритор системээр явагдана. Тэр дундаа 26 том, 50 жижиг тойрогт УИХ-ын сонгуулийг явуулах санал дээр МАН урьдчилсан байдлаар тогтоод байгаа. Тэгэхээр гишүүд дүүргийн намын дарга болох аймаг, дүүргийг эрх мэдэлдээ авах нв тэнд өөрийнхөө хүрээг тэлэх тэлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү өрсөлдөөн ширүүсч эхэлсэн байна.