Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий  шүүгчдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр/2020.02.21/ болох юм байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн оролцох юм.

Тэднийг хууль шүүхийн байгууллагад хахууль өгсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Хэргийг эргэн сануулахад  өнгөрсөн онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн.

Улмаар хууль шүүхийн байгууллагад хахууль өгсөн үндэслэлээр Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.