ЭМЯ: БНСУ-ын талаас монгол иргэн нас барсан гэж андуурч мэдээлэл өгсөн байна

ЭМЯ: БНСУ-ын талаас монгол иргэн нас барсан гэж андуурч мэдээлэл өгсөн байна

Коронавирусын халдвараар өвчилсан 35 настай иргэн О-г нас барсан талаар мэдээлэл ирсэн. Энэ дагуу бид Улсын онцгой комисс болоод Засгийн газраас тодруулахад мэдээлэл үнэн, иргэн О нас барсан гэж мэдээлсэн. Тэгвэл тун саяхан Монгол Улсын  Гадаад харилцааны яаманд  БНСУ-ын талаас мэдээллийг залруулж, өвчтний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлжээ. 

Монгол Улсын иргэн БНСУ-д эмчилгээ хийлгэх хугацаандаа коронавирүсийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг халдвар авсан иргэн өнөөдөр нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн гэдгийг бид Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс тодруулан мэдээлсэн.

Гэвч Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл нийтлэгдсэний дараа “БНСУ-ын талаас андуурч, бидэнд нас барсан гэх мэдээлэл өгсөн байна. Дөнгөж сая тэднийхээс холбогдож, залруулга хийлээ. Одоогоор иргэний биеийн байдал маш хүнд байна” гэсэн мэдээлэл өглөө.


Өнөөдөр 11:00 цагт ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  уг иргэний талаар “БНСУ-д байсан 35 настай монгол иргэнээс коронавирус илэрсэн нь үнэн.  Тухайн иргэн элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очсон.Тэгээд тэнд очсоныхоо дараа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож. Тухайн иргэн БНСУ-д очсоныхоо дараа халдвар авсан байх өндөр магадлалтай. Түүний эхнэр, эгчийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдаагүй” гэсэн мэдээлэл өгөөд байв.