Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ӨНӨӨДӨР өргөн барина

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ӨНӨӨДӨР өргөн барина

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр өргөн барих гэж байна.

УИХ-аас байгуулагдсан хуульч, судлаач, УИХ-ын гишүүдээс бүрдсэн үндсэн болон дэд ажлын хэсгүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн саналаа ийнхүү нэгтгэж дуусжээ.

1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулснаас хойш нэмэлт, өөрчлөлт хийх гэж буй нь энэ юм. Хуульч, судлаачдаас бүрдсэн дэд ажлын хэсгээс Үндсэн хуульд нийт долоон бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах дээр санал нэгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс дамжуулан мэдээлж байсан. Энэхүү долоон бүлэг өөрчлөлтийн нэгд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлт оруулсан байсан.

Харин нийтэд ил болсон хамгийн сүүлийн хувилбараар УИХ, Засгийн газар, шүүх, нутгийн удирдлагын тогтолцоо, намын чиг үүрэг, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой зургаан үндсэн бүлэгт өөрчлөлт оруулахаар төслийг танилцуулсан. Хамгийн сүүлийн хувилбараас харахад Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой бүлэг өөрчлөлтийг хассан байв.

Харин өнөөдөр өргөн барих гэж буй хуулийн төсөлд нийт таван үндсэн бүлэг өөрчлөлт тусгагджээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөр бусад асуудал хэлэлцэхийг хойшлуулдаг. Дөрвөн шатны хэлэлцүүлэг явуулах бөгөөд ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хэлэлцүүлгийн үеэр шийдэх юм.