Ши Жиньпин: Вирусийн халдвар тархснаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн боллоо

Ши Жиньпин: Вирусийн халдвар тархснаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өнөөдөр албаны айлчлал хийгээд, буцаж Монгол руугаа ирж байгаа тухай мэдээлэл байна. Тус айлчлалын хүрээнд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Мөн коронавирусийн тархалтаас үүдэн БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй унаж, томоохон үйлдвэрүүд нь хаалгаа барьсан дүр зурагтай байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсад айлчилж хүнсний хэрэгцээнд нь хонины махны тусламж үзүүлэхээр болсон гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзах үеэрээ "Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусний тархалттай тэмцэх чиглэлд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн үнэ цэнтэй тусламжийг санал болголоо" гэж Си Жиньпин хэлсэн байна.

Мөн тэрээр Хятад улсад коронавирусний халдвар тархсанаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн Х.Баттулга болсныг Си Жиньпин онцлон дурдаад, Хятадад тайтгарал, дэмжлэг үзүүлэхээр хийсэн түүний онцгой айлчлал Хятад-Монгол болон хоёр улсын ард түмний найрамдалт харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийг илэрхийлж байна гэж хэлжээ.

"Энэхүү үйл явдал хөрш хоёр орон хүнд хэцүү цагийг хамтдаа туулж, бие биедээ туслахын тулд нягт хамтран ажиллаж буйн илэрхийлэл юм" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас онцлоод байгаа юм.