Ч.Хүрэлбаатар: Түрээсийн төлбөрөө бууруулсан аж, ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлнө

Ч.Хүрэлбаатар: Түрээсийн төлбөрөө бууруулсан аж, ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлнө

-УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ-

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.02.28/ болж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо. 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө буулгасан зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ.Энэхүү татварын чөлөөлөлтийг зохицуулах хуулийг УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэж батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Түүнчлэн энэ хугацаанд төлөөгүй татварыг нэг удаа чөлөөлөх, Нийгмийн даатгал төлөөгүйгээс оногддог алдангийг тооцохгүй байх зэрэг ААН, иргэдээ дэмжсэн бодлогын шийдвэрүүд гаргаад байна.

Мөн “Улсын төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ.

Тодорхой хэмжээнд хөл хориотой байгаа үед эдийн засгийн агшилт явагдаж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр  баригдах ёстой сургууль,  цэцэрлэгээ барина. Монголчуудын эрүүл мэндийн асуудал нэг номерт хэвээрээ байгаа. Үүний хажуугаар эдийн засгаа дэмжих бодлогуудыг уялдуулаад авч хэрэгжүүлэхээр санал оруулж ирж байна. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч  сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” гэлээ.

-БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛНА-

Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

Төвбанкны тухай  хуулиар Мөнгөний бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргадаг. Тус хороо  улиралд нэг удаа хуралддаг. Тэгвэл энэ оны эхний хуралдааныг ирэх сарын 10-н хавьцаа хийхээр болжээ. Сануулахад, Мөнгөний бодлогын хороо 2019 оны сүүлийн хурлаа арванхоёрдугаар сарын 20-нд хийж, Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.

Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн.

Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл одоо Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээр дэмжлэг болж очно, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирна, зээлийн хүү буурна гэдэг нь бизнесийн салбар дахь дарамтыг бууруулна гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө