ЭМЯ: Дэлхийн 58 оронд шинэ төрлийн коронавирусний халдвар тархаад байна

ЭМЯ: Дэлхийн 58 оронд шинэ төрлийн коронавирусний халдвар тархаад байна

ЭМЯ-наас өнөөдөр /2020.03.01/ ээлжит мэдээллээ хийсэн бөгөөд хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  нар оролцов. 

Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Би өчигдөр 11:00 цагт мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 58 оронд шинэ төрлийн коронавирусний халдвар тархаад байна. Тус халдвараар 87 мянга гаруй хүн өвчилж, 2977 хүн нас барсан гэсэн мэдээлэл гарлаа. БНСУ, Япон улсад өвчлөл гарсан хэвээр байгаа бөгөөд БНСУ-д дахин 4 хүн нас барсан. Эквадор, Катар улсад шинээр өвчлөл бүртгэгдсэн. Монголд энэ өвчлөл бүртгэгдээгүй байгаа бөгөөд бид 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд тандалт судалгаа хийх арга хэмжээг авсан" гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "ДЭМБ-аас нийт хүн амд чиглэсэн зөв мэдээллийг өгч байх хэрэгтэй. Нийгмийн нөөцийг дайчилж, иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэй байна. Иргэдэд өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлснээр өөрийгөө хамгаалж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгохыг зөвлөж байгаа юм. Энэ өвчнийг эмчлэх вакцин гартал 12-18 сарын хугацаа шаардлагатай гэдэг мэдээллийг ДЭМБ-аас өгсөн.  БНСУ түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэж байгаа бөгөөд бусад улс оронд өгөхөд бэлэн гэсэн. Тиймээс БНСУ-аас оношлуур авахаар ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол 16, ажиглалтад 309 хүн байгаа.  ХӨСҮТ-д ажиглалтад 88, Цэргийн төв эмнэлэгт 65, Улсын II эмнэлэгт 9, "Асралт мед" эмнэлэгт 32, Жаргалантын амны сувилалд 41 хүн байна.  Гэртээ гадны зочин урихгүй байх. Гараа тогтмол угаах, дасгал хөдөлгөөн хийхийг иргэддээ зөвлөж байна. Бид тусгаарлах байруудыг нэмэгдүүлэх чиглэлээр судалж байгаа. Түүнээс гадна, эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийн гар утсыг авах, тэдэнтэй холбогдоход байнга бэлэн байхын төлөө тууштай ажиллаж байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүнээс коронавирусний халдвар илрээгүй. 29-ний өдөр ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 9 хүнийг тусгаарлаж, эмчийн үзлэг, оношлогоог хийж байна" хэмээн онцлов.