ЭМЯ: Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна

ЭМЯ: Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр явуулж буй  үйл ажиллагааны талаар ээлжит мэдээллээ өглөө.

Гуравдугаар сарын 2-ны өглөөний мэдээгээр коронавирусийн халдварын 88436 тохиолдол бүртгэгдэж, 3041 хүн нас барж, 44843 хүн эмчлэгджээ. Хятадаас гадна БНСУ-д халдварын тохиолдол хамгийн олон буюу 3736 болж, 20 хүн нас барсан бол Италид 1694 хүн халдвар авч 34 хүн нас барлаа. Харин Иранд 978 тохиолдол бүртгэгдэж, гадны орнуудаас хамгийн олон буюу 54 хүн нас барсан бол Япон улсад 256 тохиолдлоос зургаан нас баралт бүртгэгджээ.

Монгол Улсад CОVID-19 халдвар бүртгэгдээгүй байгаа юм. 

-СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН ДОТОР COVID-19-ийн 1739 ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ -

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн. БНСУ-д халдварын зургаан голомт байна гэж үзэж байна. 

Сүүлийн мэдээгээр Италид зорчсон өгүүлэмжтэй тохиолдол Чех, Шотланд зэрэг улсад COVID-19 бүртгэгдлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл 38 оронд гадаад улсаас зорчсон өгүүлэмжтэй хүмүүс байгаа бол 20-оод оронд дотоод дэгдэлтээс халдварч авч байна. БНСУ-д гарсан нийт тохиолдлын 85 орчим хувь Тэгү хотод байгаа юм. Өмнөд Солонгос улс тандалт судалгааг сайтар хийж байгаа бөгөөд өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна.

Тус улсад зургаан голомт байгаагаас хамгийн том нь Шинчожи сүмийн голомт бөгөөд үлдсэн таван голомттой холбоотой эсэхийг судалж байгаа юм. Италид 1,694 тохиолдолд, 34 нас баралт гарсан. Дэгдэлт гарсан гурван бүсэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр хаасан. Иранд 978 тохиолдол бүртгэгдсэн ба нас баралтын түвшингээр БНХАУ-ын дараа орж байна. Одоогоор 40 гаруй улс улс хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаагаа ДЭМБ-д мэдээлсэн. Харин бараа таваарын тээвэрлэлтийг зогсоосон улс байхгүй

-БОХИР ГАРААР ДАМЖДАГ ӨВЧИН 2.7 ДАХИН БУУРЛАА-

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Улсын хэмжээнд сэжигтэй 5 тохиолдол, 335 хүн ажиглалтад байна. Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэд, ААН-үүд хандив өргөж байна. Хандив тусламжийг ЭМЯ-ны Аж ахуйн албаныхан хүлээн авч, данс тооцоонд оруулаад ЭМ-ийн сайдын тушаалаар бүх шатны эмнэлгүүдэд хуваарилж байна. ЭМЯ-нд нэг ч зүйл үлдээхгүй байгаа.

ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байгаа. Ард иргэд маань эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж өвчлөл буурснаас харагдаж байна. Тухайлбал, улаан бурхан, гар хөл амны өвчин гэх мэт бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурлаа. Мөн томуу, томуу төст өвчин буурч байна. Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна олон халдварт өвчнөөс сэргийлж байна" гэлээ.

-Д.НЯМХҮҮ: НИЙТ 11 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН-

2020 оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Гуравдугаар сарын 1-нд тусгаарласан таван иргэнд шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байгаа.

Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна. "УОК-ын шийдвэрээр Солонгос, Иран, Итали улсаас ирэх гадаад иргэдийг онгоцонд суулгахгүй үлдээж байгаа бөгөөд монгол иргэддээ бол очоод 14 хоног тусгаарлдана гэдэг мэдээллийг өгөөд онгоцонд суулгаж байгаа гэв. 

-ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТУСГААРЛАХ БАЙР БЭЛДЭЖ БАЙНА-

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг Эрүүл мэндийн яаманд байгуулагдан 24 цагаар ажиллаж байна. БХЯ-ны Бага баян дахь амралтын газарт тусгаарлах байр бэлдсэн. Москва-УБ, Берлин-УБ, Нурсултан-УБ-ын өнөө өглөөний нислэгээр ирсэн 76 иргэнийг ажиглалтад авахаар тусгаарлалаа. 

Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангаж байна. Ингэхдээ сумдын эмнэлгүүд, бүсийн оношилгооны төвүүдээс зам дагуу шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх баг бэлдсэн.

Алтанбулаг, Сүхбаатарын боомт дээр ОХУ-аар дамжин Япон, Солонгос улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна. Өчигдөр Нарлаг-Монгол галт тэргээр ирсэн иргэдийн биеийн байдлыг үзэж, тусгаарлах шаардлагатай иргэдийг ажиглалтад авлаа.

Хэрэв Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдээд байвал Дархан-Уул аймагт тусгаарлахаар байруудыг бэлдэж байна. Үүнд коллежийн байрууд, амралт сувиллын газруудыг хамруулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж байгаа" хэмээв.

Одоогоор 335 иргэн ажиглалтад буй бөгөөд тэдгээр иргэний нэг нь ч ямар нэгэн төлбөр төлөөгүйг тэрбээр мөн дурдав. Нэг иргэнийг тусгаарлан ажиглалтад авахад дунджаар хэдэн төгрөг зарцуулагдаж буйг тооцоолохоор холбогдох яамд ажиллаж байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө