ҮНДСЭН ХУУЛЬ: “Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна”

ҮНДСЭН ХУУЛЬ: “Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна”

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар төслөө өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан, “Засгийн газрын тогвортой байдлыг хангах өөрчлөлтийг хийж өглөө. Ерөнхий сайдыг дурын байдлаар огцруулаад байдаггүй. Огцруулах бол шинэ Ерөнхий сайдын хамт оруулж ирэх, олонхийн саналаар огцруулах асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж өглөө. Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлогын асуудал дэмжлэг хүлээхгүй бол огцорно. Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарах, Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгох заалт орууллаа. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжихээр заасан. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг байгуулж ажиллана. ШЕЗ-ийн 10 хүний тавыг УИХ-аар хэлэлцэж гуравны хоёроор томилно. Дээд шүүхийн шүүгчийг хугацаатай томилно. ҮХЦ-ийн гишүүнд томилох шаардлагыг өндөржүүлж, 9 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгодог болно. Орон нутгийн харьяаллыг тусгаж өглөө. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот, орон нутгийн харъяалалтай хоттой болгож,  иргэд хотын даргаа сонгож, өөрийн удирдлагатай болгож байна. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгож, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болно” хэмээлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал,

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Энэ мэтчилэн гол гол өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг төсөл 2021 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.