"М банк", "Алтны үйлдвэр", "Зээл тэглэх"-ээс болж Б.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон уу

"М банк", "Алтны үйлдвэр", "Зээл тэглэх"-ээс болж Б.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон уу

-УЛС ТӨРЧДИЙН ХҮСЭЛД НИЙЦҮҮЛЖ БУС ЭДИЙН ЗАСГАА БОДДОГ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ-

2016-2019 онд Монгол банкийг удирдсан Н.Баяртсайханыг үүрэгт хугацаа нь дуусахаас зургаахан сарын өмнө огцруулсан шалтгаан юу байв гэдэг асуултын хариултыг одоо ч олон нийт сонирхон хүлээн авч байна. Яг үндсэндээ Н.Баяртсайханыг явуулсан нь гурван шалтгаантай гэж эх сурвалжууд хэлж  буй.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй эрх мэдэлтнүүд Н.Баяртсайханыг огцруулсан үндэслэлийг товчхон тайлбарлахдаа “Хариуцлагагүй ажиллаж Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан” гэсэн.

Гэтэл “Саарал жагсаалт” зөвхөн шалтаг бөгөөд үүгээр гул барин түүнийг огцруулсан нь үнэнд илүү дөхөж очно. Н.Баяртсайханыг огцруулсаны дараа улсын эдийн засагтай холбоотой ямар асуудлыг эрх баригчид УИХ дээр хүч түрэн батлав гэдгээс л тэдний Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулсан зорилго тодорхой болсон гэж хэлж болно.

-Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХ БОЛСОН ГУРВАН ШАЛТГААН-

Нэгдүгээрт, “Тэтгэврийн зээл тэглэх” хуулийн төслийг батлахын тулд

Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ихээхэн ач холбогдол өгч буй “Алт цэвэршүүлэх үйлдвэр” барих асуудлыг шийдвэрлэхийн тулд

Гуравдугаарт, МCS группийн “М” банкийг байгуулахын эсэргүүцэж буй хүмүүсийн хүсэлд нийцүүлж Н.Баяртсайханыг огцруулсан байна.

-ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН Н.БАЯРТСАЙХАНЫГ ОГЦРУУЛЖ, ӨӨРСДИЙН ҮГЭЭР ХӨДӨЛДӨГ Б.ЛХАГВАСҮРЭНГ ТОМИЛСОН ШАЛТГААН-

Төв банкных нь бодлогын хүү 11 хувь байхад дотооддоо 6 хувийн хүүтэй бонд гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний “мунаг” санаачилгыг Н.Баяртсайханы дэмжээгүй. Тийм ч учраас түүнийг явуулж, өөрсдийн үгээр ажилладаг Б.Лхагвсүрэнг оронд нь томилж “Тэтгэврийн зээл”-ийг тэглэх ажлыг хийсэн гэх. Энэ бүхний гардан гүйцэтгэсэн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар.

Тэтгэврийн зээл тэглэх их шоуны үр дүнд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд суга өссөн. Санал худалдаж авах сонгууль угтсан попролоо тэд амжилттай хийсэн үг.

Гэтэл “Тэтгэврийн зээл” тэглэх хуулийг баталснаараа нийт 229 мянган ахмадын 780 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг бонд хэлбэрээр Засгийн газраас арилжааны банкуудад шахаж, ирээдүйгээс зээл авсан.

Бүхэл бүтэн Салхитын мөнгөний ордоор нэг л удаа зээл дараад дуусгах зохион байгуулалтыг хийсэн. Өмнө нь аль ч Засгийн газар ийм шийдвэр гаргаж байсангүй. Хэрвээ дэлхийн зах зээлд мөнгөний үнэ унавал Салхитын мөнгөний ордыг ажиллуулах “Эрдэнэс силвер ресурс” компани бондын өрөө төлж чадахгүй. Иймээс банкууд бондыг худалдаж авахаас татгалзаж магадгүй юм. Үүнийг тооцоолсон дарга нар бонддоо Хөгжлийн банкаар баталгаа гаргуулсан. Баталгаа гаргасан тохиолдолд компани бондоо төлж чадахгүй бол Хөгжлийн банк хариуцна. Хөгжлийн банкийг нохойд тавиад өгсөн гэсэн үг.

Хэрэв ажил тохирооны дагуу явахгүй эрсдэл учирвал Засгийн газар төв банкинд шахалт үзүүлж, төгрөг хэвлүүлэх хувилбар бий. Эцэст, инфляцыг хөөрөгдөнө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө, долларын ханш тэнгэрт хадна, таны хадгаламж, цалин цаас болно. Ийм л эрсдэл бий. Тодруулбал, уг асуудал  ажлын байр шинээр бий болгохгүй. Манай улсын эдийн засагт нэг ч төгрөгийн нэмүү өртөг шингээхгүй. Бэлэнчлэх сэтгэлгээ, үр ашиггүй хэрэглээг дэвэргээд л өнгөрөх л ажил болсон. 

-ӨНДӨР ӨРТГӨӨР АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХ АСУУДЛЫГ Ч
Б.ЛХАГВАСҮРЭН ҮГ, ДУУГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА УУ-

Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстанд айлчлах үеэрээ Алт мөнгө /үнэт металь/ цэвэршүүлэх хоёр улсын хамтарсан үйлдвэр барих" асуудлыг шийдвэрлэж гэрээнд гарын үсэг зурсан. Уг үйлдвэрийн талаар сэтгүүлч У. Оргилмаа баримт дэлгэн нийтлэл бичсэн.

ТЭРБЭЭР НИЙТЛЭЛДЭЭ “Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг Казахстаны “Даниель М” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шууд сонгон шалгаруулж гэрээ хийлгэсан.  Гэтэл уг үйлдвэр барих төсөл ГАМШИГ БАЙНА.  “Найзууд аа!”, жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад нийт 81 сая ам.доллар шаардлагатай. Энэ санхүүжилтийн 30 хувь буюу 24.4 сая ам.долларыг 2019 онд, санхүүжилтийн 70 хувь болох 57 сая ам.долларыг 2020 онд хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөсөн байна. Тэгээд хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа 8 жил!!! Эдийн засгийн өгөөж нь хаана байна? 

Яагаад Монголын ард түмэн энэ төслийг мэдэхгүй өнгөрөх ёстой вэ? Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж өгч, Засгийн газар 196 тоот тогтоол баталж энэ төслийг Төрийн болон албаны нууцын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулав? Илтэд алдагдалтай учраас мэдэж болохгүй юу? Яг одоо харагдаж байгаа дүр зурагаар бол хоёр хөрш ч, манай улс ч Швейцарьт 1 ам.доллараар алтаа цэвэршүүлдэг байхад 81.4 сая ам.доллараар үйлдвэр барьж 13-15 ам.доллараар алтаа цэвэршүүлэх гээд байгаа нь мөнгө угаахын дайтай хохиролтой төсөл гэж харагдаж байна” ГЭСЭН БАЙНА.

Үүнээс үзвэл Монголбанк алт цэвэршүүлэх зардалд багагүй мөнгө зарцуулдаг байх нь. Монголбанкнаас хийсэн урьдчилсан судалгаагаар Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор алтныхаа цэвэршүүлэлтэд зарцуулах зардал 3-4 дахин өсөх дүн гарсан гэдгийг тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ч мэдэгдэж байсан удаатай. Эдийн засгийн үр өгөөжгүй дээрх үйлдвэрийг барихыг Н.Баяртсайхан дэмжээгүй нь түүнийг огцруулах нэг үндэслэл мөн болсон гэх. Харин одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн энэ талаар нам, гүм,

-М БАНКНЫ ЛИЦЕНЗИЙГ ӨГӨХГҮЙ БАЙХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ-

“М-Си-Эс” групп Монголын анхны интернэт М” нэртэй банкийг байгуулах болсноо зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг гар утастай хэн ч “М банк”-наас санхүүгийн үйлчилгээ авах боломжтой,  теллер ажиллуулж, оффис түрээсэлж, бичиг цаас цоохорлож өндөр зардал гаргахгүй байх, хүүг багаар тогтоох зорилготой тус банкны лицензийн зөвшөөрөл олгох асуудал Монгол банкин дээр очоод гацжээ.

Энэ талаар "М” төслийн санаачлагч, Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн хэвлэлд ярилцлага өгөхдөөБид банк байгуулах хүсэлтээ 2017 оны наймдугаар сарын 16-нд Монголбанкинд өгсөн юм. Хүсэлтийг хүлээн аваад нэмэлт материал, мэдээлэл шаардсаныг бид хүргүүлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 30-нд Төв банкнаас албан тоотоор хариу ирсэн. М банк нь суурь бүртгэлийн програм хангамж, тоног төхөөрөмж, банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болох ёстой. Мөн банкны нөөц төвийг байгуулах шаардлагыг хангачихвал лиценз өгөхөд асуудалгүй гэсэн л дээ.

Энгийнээр жишээлбэл, ХААН банкнаас M банк руу, М банкнаас бусад банк руу мөнгө шилжүүлж үзээд бүх тооцоолол нь зөв явж байгаа, эсэхийг шалгахаар болсон гэсэн үг. Монголбанкны тавьсан нөхцөлийг хангахын тулд бид хөрөнгө оруулалт хийж ажиллаж эхэлсэн. Ажлаа гүйцэтгэж дууссаны дараа Монголбанктай хамтарч шалгуулаад баталгаажуулсан. Ингээд 2018 оны аравдугаар сарын 11-нд М банк бүх шаардлагыг хангасан байна гэсэн хариу өгсөн юм.  Ингээд лицензээ авах юм байна гээд хүлээж байтал 2019 оны дөрөвдүгээр сард М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн агуулгатай албан тоот манайд ирсэн. Шалтгаан нь тодорхойгүй учраас бид шүүхэд хандсан” гэжээ.

Хуулийн хүрээнд бичиг баримт нь бүрдэж тавигдах шаардлагуудыг хангасан учраас тус банкинд зөвшөөрөл өгөх ёстой гэсэн байр, суурийг Н.Баяртсайхан илэрхийлж байжээ. Харин манай нэр бүхий улс төрчид М банкийг байгуулахыг эсэргүүцэж байсан гэх мэдээлэл байна.  “М” банкийг байгуулахгүй шүү гэх сануулгыг Н.Баяртсайханд өгч байжээ.  Учир нь тус банкийг байгуулбал манай банктай болон банкгүй улс төрчдийн эрх ашигтай зөрчилдөнө. Энэ бүхнээс дүгнэвэл улс орон, иргэдийн эрх ашиг бус улс төрчдийн гар хөлөөр хүсэлд нь нийцүүлж шийдвэр гаргадаг хүн Монгол банкийг тэргүүлж байна уу гэлтэй.