Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөллөө

2019-06-07 12:15

Говь-Алтайн Засаг даргаар В.Рэнцэндоржийг томилохоор шийдвэрлэв

С.Гансэлэмийг намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэсэн.  Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай  “Хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж таарна” гэж байв.

МАН-ын Хяналтын хорооны шийдвэртэй холбоотойгоор Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг Ерөнхий  сайд баталгаажуулжээ. Иймд шинэ Засаг даргыг томилох асуудлыг ИТХ хэлэлцэж, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Түүний нэрийг ИТХ-аас Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон байна.

2019-06-06 17:31

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөллөө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болсон байна. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ийн даргад итгэл үзүүлэх эсэх тухай болон Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм.