Нүүрс экспортлож буй жолоочид хамгаалалтын хувцас хэрэглэлтэй ажиллаж байна

Нүүрс экспортлож буй жолоочид хамгаалалтын хувцас хэрэглэлтэй ажиллаж байна

Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар зогсоод байсан Монголын нүүрсний экспорт эхэлсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Хэдийгээр нүүрсний экспортыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байсан ч халдваргүйжүүлэлт, хамгаалалт гэх мэт бэлтгэлээ хангаад дууссан тул өнөөдрөөс экспортыг эхлүүлсэн байна.

Нүүрс экспортолж байгаа жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх бөгөөд машинаасаа буухгүйгээр цонхоороо бичиг баримтаа шалгуулахаар БНХАУ-ын талтай тохиролцжээ.

Монгол Улс он гарснаар 2.7 сая тонн нүүрс экспортолсон гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонныг борлуулаад байсан юм. Өнгөрсөн онд Монгол Улс 36.5 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон билээ. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас экспорт хоёр сар орчим хугацаагаар тасарсан. Үүнээс шалтгаалж, төсвийн төлөвлөгөө тасрах нь гэдэг байр суурийг судлаачид илэрхийлсэн ч албаныхны зүгээс оны эцэст тасалдсан экспортоо нөхөх боломжтой гэсэн юм.