ЭМЯ: Халдварын үеэр зөрчил гаргасан иргэдэд хорио дууссаны дараа хариуцлага хүлээлгэнэ

ЭМЯ: Халдварын үеэр зөрчил гаргасан иргэдэд хорио дууссаны дараа хариуцлага хүлээлгэнэ

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ямар ажиллаж байгааг хэллээ. ДЭМБ-ын албан мэдээллээр "Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын Тэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Япон урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.

ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийн хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна" гэв.

Мөн ЦЕГ-аас сар шинийн өдрүүдээр тусгаарлагдаж буй хүмүүсээс Хөвсгөл аймгийн иргэн Д бусдыг турхирч, тусгаарлалтаас гарахыг уриалсан, мөн өөр нэг иргэн тээшиндээ авчирсан архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, оргон зугатах, асуумж хуудсыг худал бөглөх гэх мэтээр зөрчил олноор гаргасан. Гаргасан зөрчил бүрийг баримтжуулан авч байгаа тул хорио дууссаны дараа иргэдэд хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.  Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

 Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол тандалт, судалгааны чиглэлээр давхар баталгаажуулан ажиллаж буй нэг арга" гэсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа. Нийслэл дэх тусгаарлан ажиглах байруудаас гадна Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий аймгуудад иргэд ажиглалтад байгаа. Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан.