ЭМЯ: Дэлхий 92 улсад коронавирусийн халдвар тархаж, АНУ-д нас баралтын түвшин өндөр гарчээ

ЭМЯ: Дэлхий 92 улсад коронавирусийн халдвар тархаж, АНУ-д нас баралтын түвшин өндөр гарчээ

Эрүүл мэндийн яам COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бидний зүгээс ард иргэддээ өвчлөл гарсан улс орнуудад аялахгүй байх, аялаад ирсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлахыг зөвлөж байгаа. Мөн эрүүл мэндийн яам бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна"гэж хурлын эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын мэдээгээр 88 улсад халдвар бүртгэгдсэн. Дөрвөн оронд шинээр халдвар бүртгэгдлээ. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн БНХАУ-д нас баралт 3.4 хувьтай байгаа бол БНСУ-д 0.8 хувьтай, Италид Хятадтай адил 3.4 хувьтай байна. Иранд 3 орчим хувь байгаа бол АНУ-д хамгийн өндөр буюу 8 хувьтай байна.

ДЭМБ-ын захирлын зүгээс улс орнуудад хандаж өвчний халдвараас сэргийлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа. Мөн гэрээр тусгаарлагдаж буй хүмүүст гэрийн асаргаа, сувилгаа маш чухал байна" хэмээн ярилаа.

ДЭМБ-ийн өгсөн зөвлөмжөөр асаргаа сувилгаа нэн түрүүнд шаардлагатай байгаа хүмүүс бол өндөр настан, жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүд байна. Учир нь эдгээр иргэд халдвар авсан тохиолдолд нас барах эрсдэл хоёр дахин өндөр байдаг. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахгүй, дархлаагаа дэмжин гэртээ байх хэрэгтэйг зөвлөж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 129 хүнээс хоёр хүнийг ажиглалтад, нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалтад авсан.

Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 217 хүн ирснээс урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан хүнийг ажиглалтад авах төлөвтэй үзлэг хийж байна. Мөн Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа.

Сэлэнгийн боомтоор нэг хүн ирсэн. Тухайн иргэн Улаанбаатар-Япон- Новосибирск гэсэн маршрутаар яваад ирснийг Дархан-Уул аймагт тусгаарлаад ажиглалтад аваад байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. ДЭМБ-ын зөвлөх багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт томилолтоор ажиллаж байна" гэв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө