Салхитын ордтой холбогдсон шүүгч нарыг өнөөдөр шүүнэ

Салхитын ордтой холбогдсон шүүгч нарыг өнөөдөр шүүнэ

“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  /2020.03.09/ 09:00 цагт эхлэх гэж байна.

Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон зургаан шүүгч бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Шүүгчид Салхитын ордын хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлэхдээ тус бүртээ 10-150 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэдэнд авлига зуучилсан гол хүн нь Ганц худгийн урьдчилан хорих төвд амиа алдсан гавъяат хуульч, шүүгч асан Л. Бямбаа байсан гэдгийг зарим хэвлэл мэдээлжээ.

Эдгээр зургаан шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн есдүгээр сараас хойш ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы холбогдсон хэсгийг тусгаарлан, үлдсэн шүүгчдийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.