Н.Энхбаяр: Энэ онд 2.2 их наядаар соёлын төв, хөшөө дурсгал барих гэж байж зарлагаа танахгүй гээд байгаа нь маш буруу

Н.Энхбаяр: Энэ онд 2.2 их наядаар соёлын төв, хөшөө дурсгал барих гэж байж зарлагаа танахгүй гээд байгаа нь маш буруу

100 орчим оронд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхийн эдийн засагт аюул тулгараад байна. Манай улсын хувьд ч мөн ялгаагүй эдийн засгийн хэцүүхэн сорилттой тулгарч эхэлсэн бөгөөд бид илүү их хүндрэлээс урьтаж ямар арга хэмжээ авах ёстой, хэрхэн ажиллах талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг анхдагч эх сурвалжаас уншдаг, шинжлэх ухаанд суурилсан гаргалгааг хэлдэг, эдийн засгийн логик ажиллагаа, өргөн мэдлэгтэй гэж үнэлэгддэг тэрбээр дэлхийн эдийн засаг тэр дундаа Монгол улсын төсөв, санхүүгийн асуудлыг хэрхэн харж, дүгнэж буйг ярилцлагаас уншина уу.

-ХАМГИЙН ЭХЭНД ХОХИРОЛ АМСАХ ОРОН БОЛ МОНГОЛ-

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий даяар тархаад буй шинэ коронавирусийн халдвар нь улс орнуудын эдийн засагт шууд нөлөөлж, хүндхэн нөхцөл байдлыг бий болгосон гэх дүгнэлтийг олон улсын байгууллагууд гаргаж эхэллээ. Энэ өвчин дэлхийн эдийн засагт хэр их савлагаа үүсгээд байна. Үнэхээр аюултай нөхцөл байдал бий болоод байна уу?

-Халдвар тархаж эхэлснээс хойш үндсэндээ 65 хонож байна. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдээгүй учраас олон улсын байгууллагууд оны эхэнд судалгаа хийгээгүй байсан. Харин хувийн банк, санхүүгийн байгууллагууд болон бие даасан шинжээчид таамаглалаа хэлж байсан. Олон улсын байгууллагуудаас “Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” энэ өвчнөөс үүдэлтэй эдийн засагт орж болох өөрчлөлтийн таамаглалыг хамгийн эхэнд буюу өнгөрсөн долоо хоногийн эхээр гаргалаа. Энэ таамаглалаас харахад, өмнө нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь гэж тооцож байсан бол одоо 2.4 хувиар бодсон байна. Энэ дундаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 6.1 хувь гэж тооцож байсан бол одоо 4.9 байхаар таамагласан байна. Үндсэндээ 2 хувь доош саарахаар таамагласан байгаа биз.

Мөн өндөр хөгжилтэй G7 –ийн  орнуудаас хэд, хэдэн улсын эдийн засаг өсөлтгүй гарах төлөвтэй байна. Япон, Италийнх зогсонги байдалд орсон бол Герман улсынх маш бага өсөлттэй байна гэх мэт. Ер нь Европын эдийн засаг хүндрэлтэй байна. Гэхдээ энэ нь зөвхөн оны эхэнд хийж буй  таамаглал. Цаашид вирусийн тархалтын нөхцөл байдал, авч буй арга хэмжээнээс хамаараад эдийн засгийн сааралт жилийн дундуур илүү гүнзгийрч магадгүй. Ирэх дөрөвдүгээр сард Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалт болно. Уг уулзалтыг угтаж дэлхийн эдийн засгийн тоймыг гаргана. Үүн дээр улирлын тайланг авч хэлэлцээд нөхцөл байдал ямар байх талаар илүү тодорхой таамаглалыг гаргаж ирэх байх. Одоо макро төвшин саарч байна. 2003 онд Сарсын халдвар тархахад БНХАУ дэлхийн эдийн засгийн дөрөвхөн хувийг эзэлж байсан.

Одоогийнхоор хөгжиж буй орны төвшинд гэсэн үг. Яахав, өсөлт багатай байлаа. Харин өнөөдөр БНХАУ дэлхийн эдийн засгийн 16-17 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн томоохон үйлдвэрлэлийн бүх сүлжээ Хятадтай холбоотой. Гангийн үйлдвэр, машины үйлдвэр, компьютерын эд анги, гар утас, хүүхдийн тоглоом гээд бүх эд анги Хятадад үйлдвэрлэгдэж байна. Хятадын үйлдвэрлэлд доголдол үүсээд эхлэхээр бусад улс орны үйлдвэрүүд зогсож байгаа юм.

Дам нөлөөлөл маш их гэсэн үг. Тийм ч учраас гуравхан өдрийн өмнө G7-ийн улс орнуудын төв банкны ерөнхийлөгч, сангийн сайд нар Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын төв банкны захирагч нартай уулзаж дэлхий нийтэд тулгараад буй асуудалтай яаж тэмцэх, хэрхэн даван туулах талаараа ярилцлаа. Тэд маш шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо шүү дээ.

Төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулахаа мэдэгдсэн. Олон улсын валютын сангаас хөгжиж буй болон бага орлоготой орнуудад 50 тэрбум долларын туслалцааны сан бүрдүүлж олгох шийдвэрийг ч гаргалаа. Үүний нэлээд хэсэг нь хүүгүй байна гэж мөн хэллээ.

-БНХАУ-аас экспорт, импорт нь бүрэн хамааралтай эдийн засагтай манай улсад нөхцөл байдалд хэрхэхээр байна. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ялангуяа манай эдийн засагт ихээхэн хамааралтай. Хятадаас хамааралтай түүхий эд экспортлогч орон шүү дээ. Хятадын эдийн засгаас хамааралтайгаар хамгийн эхэнд хохирол амсах орнууд бол Монгол, Хонконг гэж зарласан. Улс орнуудын Засгийн газар, Төв банк уг вирусийн эсрэг тэмцэх ажилд асар их мөнгө зарж байна. Солонгосын Засгийн газар 25 тэрбум доллар, АНУ-ын конгресс 8.3 тэрбум долларыг зарцуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө “Энэ нь өмнө нь тулгарч байгаагүй дэлхий нийтийг хамарсан том асуудал боллоо. Цаашид яаж тархахыг нь бид хэлж мэдэхгүй байна. Хэр хурдацтай тархах, хэдэн хүн нас барах нь тодорхойгүй байгаа учраас улс орнууд боломжоороо арга хэмжээ ав, бэлэн байдалд бай” гэж зарласан. Дээрх мэдээлэлээс гадна АНУ болон Европын өндөр хөгжилтэй орнууд тооцоо, судалгаанд үндэслэн шийдвэрээ гаргаж байна. Тэд “Магадгүй гэх” үгэнд тулгуурлаж эсвэл өөдрөг үзлээр асуудалд хандаагүй. Халдварт өвчний судалгааны маш институт байдаг. Тэд тусгай програм дээр тооцоо судалгааг гаргадаг. Харин тооцоолол судалгаандаа тулгуурлаж болзошгүй эрсдэлээ тооцоолж гаргадаг. 

-ТООН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ ГУРАВДУГААР УЛИРЛЫГ
ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ-

-Тодорхой хэлбэл. Хоёр сарын дараа ямар нөхцөл байдал үүсч болзошгүй байна вэ. Бид даруйхан ямар арга хэмжээ авах шаардлагатай байна?

-Энэ нөхцөл байдлыг ойлгохын тулд гадаад талд ямар мэдээлэл байна гэдгийг маш сайн унших хэрэгтэй. Халдварын тархалт хоёр, гурван тивийг дамнасан байна. Халдвар авагчдын тоо өдөрт 2000 -аар нэмэгдэж байгаа. Мөн халдвараас болж Хятадын эдийн засаг яаж буурахыг өндөр хөгжилтэй орнууд хэлчихлээ.

Үүнээс үүдэлтэйгээр манай улсын эдийн засагт ямар нөлөөлөл орж ирэх вэ гэдэг тооцооллоо хийхэд л болж байна шүү дээ. Заавал гуравдугаар улирлыг хүлээх шаардлагагүй. Нөхдүүд болохоор тоон мэдээлэл хүлээх тухай яриад байна шүү дээ. Сая хоёрдугаар сарын Хятадын эдийн засгийн тоон мэдээллийг харсан уу. Тус улсын аж үйлдвэрийн индекс түүхэнд байгаагүй доод төвшинд хүрсэн байна.

Өнгөрсөн жилүүдэд тус улсын аж үйлдвэр хэвийн явагдахад 40-50 хувьтай байсан. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард 29.6 хувь руу уналаа. Аж үйлдвэрээс бусад салбарынх нь индекс ч мөн түүхэнд байгаагүй доод төвшиндээ хүрч байна. 2008 оны хямралд орсон төвшнөөсөө доош унасан байна. Үйлдвэрлэл, бизнес илүү хумигдана гэсэн болгоомжлол байгаа. Энэ дотроо гангийн үйлдвэрлэлийн хэмжээ мөн унаж 27-28 хувь хүрсэн байна. Солонгос, Японд хэрэглэдэг гангийн хэрэгцээ буурсан, хил орчмын худалдааг зогсоосонтой холбоотойгоор Хятад дахь үйлдвэрлэл зогсонги байдалд орсон. Тиймээс гангийн үйлдвэрлэлийн зуухаа зогсоож байна. 1990 оноос хойш зуухаа унтрааж байсан түүх үгүй. Хятадын эдийн засаг сэргэлээ гэхэд аажмаар гэдгийг сайн бодолцох хэрэгтэй.

-1000 МАШИН ДУГААРЛААД НҮҮРСЭЭ ГАРГАХ ЮМ ШИГ ЯРИАД БАЙНА.
ТИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ТОО ХЭЛЭЭД БАЙНА-

-Бид энэ сараас нүүрсний экспортоо сэргээж байна. Ингэсэн ч нүүрсний экспортоос алдагдал хүлээнэ гэж та хэлсэн. Хэдий хэр хэмжээний  алдагдал хүлээх дүр зурагтай байгаа вэ? 

Тус улсын эдийн засаг сэргэлээ гэхэд Солонгос, Япон зэрэг худалдан авагч нь бэлэн биш байна. Тэгэхээр энэ чинь эдийн засгийн гинжин хэлхээ юм. Ганцхан улсын эдийн засаг жигдэрчихлээр бусад нь дагаад сэргэдэг зүйл гэж хэзээ ч үгүй. Энэ олон гинжин хэлхээ аажимдаа сэргэнэ. АНУ өнгөрсөн хоёрдугаар сард Бээжин, Шанхай дахь нислэгээ дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зогсоолоо гэж мэдэгдэж байна. АНУ нь дөрөвдүгээр сар гэдгийг зүгээр таамаглаж хэлээгүй. Хамгийн эхэнд агаарын тээврийн салбар нээгдэнэ.

Харин дараа нь тав болон зургадугаар сард үйлдвэрлэл сэргэж магадгүй. Хятадын үйлдвэрлэл болон худалдан авагч орнуудын зах зээл сэргэтэл олон сар шаардагдана. Ганц сар бус хоёр, гурван улирал дамнасан асуудал.

Тэгэхээр ирэх дөрөвдүгээр сард гарах дэлхийн эдийн засгийн төлөв байдал нэлээн гутранги, тааруу байна. Манайх энэ сард хилээ нээж нүүрсээ гаргалаа гэж бодъё. Дахиад л 1000 машин дугаарлаад нүүрсээ гаргах юм шиг яриад байна. Ийм зүйл болохгүй гэдгийг дээрх тоонууд хэлээд байна.

Өнгөрсөн жилүүдэд бид сардаа 2.5-3 сая тонн нүүрс гаргаж байсан. Энэ бол маш сайн үзүүлэлт. Харин одоо ийм тооны  нүүрс экспортлох хүртэл 1-2 улирал хэрэгтэй. Нэгдүгээр улиралд нэг сарын экспортоороо дуусч байна. Энэ улиралд экспорт тэг гэсэн үг. Харин хоёрдугаар улирлаас аажмаар буюу 500 мянгаас 1 сая тонн нүүрс гаргана гэх мэт аажмаар өснө.

Хоёрдугаар улиралд 3 сая тонныг л гаргаж чадах байх. Үлдсэн гурван сард нь экспортоо хэвийн хийж чадвал 14 сая тонн нүүрс гаргаж чадна. Ингээд оны төгсгөлд 20 гаруйхан сая тонн нүүрс экспортлох боломж харагдаж байна. Ийм байхад бид төсвийн орлого, зарлагаа хоёр их наядаар нэмчихсэн. 11.6 их наядын орлоготой, 13.8 их наядын зарлагатай байхаар баталчихаад сууж байна шүү дээ. Алдагдал  нь 2.2 их наяд төгрөг байгаа биз дээ. 2.2 их наядын зарлагын задаргааг харахаар чухал зүйл ер үгүй. Жирийн үед 2.2 их наядын алдагдалтай байж болно. Гэтэл ийм хүндрэлтэй цаг үед 2.2 их наядын зарлага гаргах шаардлагагүй байна шүү дээ.

Хоолойд тулсан, зайлшгүй хийх ёстой ажил, хөрөнгө оруулалт алга байна. 2020 онд 40 гаруй тэрбум төгрөгөөр соёлын төвийн засварын ажил санхүүжүүлэх гэж байна шүү дээ. Соёлын төв бариад эх нялхсын эрүүл мэнд, ард иргэдийн амьдрал сайжрах уу. Эдийн засгийн аминд тулсан ажил биш шүү дээ. Зүгээр л соёлын төвийг шинэчлэн сайжруулах ажлыг хийх гэж байна. Энэ бол үйлдвэрлэл болон татвар төлдөг бизнес биш шүү дээ. Уг зардлыг хүндрэлтэй цаг үед зайлшгүй танах ёстой.

-ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХ ЭХ ҮҮСВЭРГҮЙ ШҮҮ-

-Төсвийн сахилга баттай байх шаардлагатай гэж та хэлж байна. Гэхдээ сая хэлсэн зарлагуудыг танахын тулд зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэж дөрвөн ч удаа хэлсэн шүү дээ?

-Зарлагаа айхтар танадаггүй юмаа гэхэд төсвөө 2019 оны хэмжээндээ аваачих хэрэгтэй. 9 их наядын орлого, 11 их наядын зарлагатай болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд хүндрэл багатай даван туулна. Төсвийн алдагдлыг нөхөх эх үүсвэр байхгүй ээ. Өнгөрсөн 2017, 2018, 2019 онд валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авч төсвийн алдагдлыг нөхсөн шүү дээ. Гэтэл энэ жил уг хөтөлбөрийн хугацаа дуусч байна. Энэ онд алдагдлаа нөхөхдөө бусад зээлийн эх үүсвэр мөн тогтворжуулалтын сангаа ашиглана гэж байна. Үүнээс цааш бидэнд орон зай үгүй.

Засгийн газрын нөөц сангийн 500 тэрбум төгрөгөөрөө төсвийн алдагдлаа нөхөж хуримтлалгүй болох гэж байгаа юм уу.

2021, 2022, 2023 онд бид дахин гурван тэрбум долларын төлөлт хийнэ. Эдийн засгаа чамбайруулж, бэхжүүлэх цаг байхад улам сулруулах алхам хийж байна. Нэгдүгээр улиралд сайн үзүүлэлт гарахгүй нь тодорхой. Гадаад худалдааны алдагдлын үзүүлэлт буурна.

Төсвийн алдагдалтай гарна. Энэ мэдээлэл зөвхөн манайд бус дэлхий даяар тархана. Манай улсын төсөв, ханш, гадаад худалдааны мэдээллийг гадагшаа мэдээлж эхэлнэ гэсэн үг.

Хамгийн аюултай нь Монголын Засгийн газрын бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид хараад сууж байна. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгдөг газрууд эхнээсээ анхааруулга өгч байна. Тэд ирэх жил бонд төлж эхлэх тухай сануулаад төсвийн хариуцлага, сахилга баттай байхыг анхааруулж байна. Бүхэл бүтэн улирлын эдийн засаг нь Хятадаас хамааралтайгаар унаж байхад тэр газрууд зүгээр хараад суухгүй нь тодорхой. Монгол улсын зээлжих зэрэглэлийг дахин үнэлэх асуудал гарна. Тэр үед ямар үнэлгээ өгөх вэ. Ийм тодорхой нөхцөл байдал үүсээд байхад хүлээгээд суугаад байж болохгүй. Бид шуурхай хэмжээ авч тэр эрсдэлийг бууруулж болно.

-БУЦААД 2016 ОНДОО ОЧИХ УУ. ТЭГЭХГҮЙН ТУЛД ДАРУЙХАН
ХӨДЛӨХ ХЭРЭГТЭЙ-

-Шуурхай гэж төсвийн тодотгол хийхийг хэлээд байна. Тийм үү?

-Хамгийн эхэнд төсвийн хөөсөрсөн алдагдлыг хасах. Элдэв хөрөнгө оруулалт, хөшөө дурсгал, конторын барилга өнөөдөр хэрэгтэй бус хөрөнгө оруулалтаа танах хэрэгтэй. Төсвийн алдагдал нэмэгдвэл бид дахин шинээр бонд гаргах тухай ярина. Дахиад өрөө нэмэгдүүлнэ.

Тэгэхээр одоогийн нөхцөл байдалдаа тааруулан алдагдлаа гаргах ёстой. Тэгвэл өрийн дарамт багасна. Төсвийн эрүүл сахилга баттай байвал олон улсын зээлжих зэрэглэл үнэлгээгээ учир зүггүй доошлуулахгүй. Үргэлжлүүлэн Хятад улстай хийж буй своп хэлцэл, Саарал жагсаалтаас гарах, Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын бонд төлөх гэх мэт олон ажил биднийг хүлээж байна.

Уг бондын төлөгч нь Худалдаа хөгжлийн банк байх боловч мөнгө нь Засгийн газраас гарна шүү дээ. Гэтэл  бид валютыг оруулж ирж байж ханшаа тогтвортой байлгана. Хэрвээ сахилга, батаа чангатгахгүй бол валютын нөөцөд эрсдэл учруулна. Дараа, дараагийн эрсдэл их учраас одоо л төсвийн чамбай сахилга баттай байлгах ёстой. Хилээ нээгээд, өвчин тахал зүгээр болох юм шиг л юм яриад байна. Нөгөөтэйгүүр 2008 оны хямрал шиг бизнест хүндрэл учирч болохоор байна.Санхүүжилт нь зогсож, экспортын орлогогүй болно. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бага хүүтэй, шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Тэгэхийн тулд Монгол банкнаас бодлогын хүүгээ сулруулах арга хэмжээ авах шаардлагатай. Үүнийг ирэх долоо хоногт шийдэх юм шиг байна. Бодлогын хүүгээ 0.5 нэгжээр бууруулна гэж Төв банкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Энэ бол зах зээл рүү, хувийн хэвшил рүү очих мөнгө. Төв банк бизнесээ дэмжих зорилгоор зээлийн хүүгээ сулруулж байгаа бол нөгөө талд Засгийн газар илүү зардлаа танах ёстой. Засгийн газар зах зээл рүү ордог мөнгөө багасгаж тэр орон зай руу Монгол банк хувийн хэвшлээ дэмжиж мөнгөний нийлүүлэлтээ хийж байвал эдийн засаг зөв гольдрилдоо орно.

Засгийн газар зарлагаа танахгүй бол Монгол банкны мөнгөний бодлого 0.5 нэгжээс илүү тэлж чадахгүй. Шаардлага хүндэрвэл 0.5 нэгжээс илүү бууруулах шаардлагатай шүү дээ. 2008 оны түүхээс харвал ажилгүйдэл эрс нэмэгдэж 10 хувьд хүрсэн. Олон мянган хүн ажилгүй болж бизнес хаагдвал банканд төлөгдөх зээлүүд чанаргүй болно. Олон тооны дунд орлоготой хүмүүс бага орлоготой ядуурлын эгнээнд шилжинэ.

Тэгэхээр  өнгөрсөн жилүүдэд хийсэн бүх ололтоо үгүйсгэх гээд байна. 2015, 2016, 2017 онд эдийн засгаа тогтворжуулах хүрээнд Валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд бизнес сэргэж, хүмүүсийн орлого нэмэгдсэн.

Энэ бүхнийг нэг жилийн дотор баллуурдаж буцаад 2016 ондоо очих уу. Үүнийг шийдэх хугацаа нь ойрын хоёр, гурван сар л юм. Хэрвээ шийдэлгүй тав, зургаан сар болбол бид нарын боломжоос гараад явна. Ханш нь унаад инфляци нь өсөөд явна. Тухайн үед бидний чадах ажил бол экспортоо л жаахан нэмэгдүүлэх байх.

Олон улсын байгууллагууд үүнээс сэрэмжилж долоохон хоногийн дотор бүх арга хэмжээгээ авч байна шүү дээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас “Та бүхэн хүндрэлд орсон бол хүсэлтээ тавь. Бид туслалцаа үзүүлье” гэж байна шүү дээ.

-Эдийн засаг ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байхад ажиллахгүй байгаа нь улс төрчид сонгуулиа бодсонтой холбоотой юу. Сонгууль болсны дараа бүх асуудлаа шийдье гэж байгаа юм болов уу. Яагаад одоо ажиллаж эхлэхгүй байна вэ?

-Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж дөрөв дэх удаагаа хэлсэн. Нэгдүгээр улирлын дүнг харья гэсэн. Тэгэхээр ирэх сарын 15-ны өдрийг хүргэх юм байна. УИХ-ын дарга  ч мөн төсвийн тодотгол хийхгүй, нөхцөл байдлыг харъя гэсэн. Тэгэхээр ирэх 15-ны өдөр эхний гурван сарын статистик мэдээллийг харах нь.

Статистик мэдээллээс гоё юм олж харахгүй. Учир нь тэр үед Хятадын эдийн засаг, худалдан авалт сэргээгүй байна. Тэгэхээр сайн дүн гарахгүй нь тодорхой. Ингээд муу дүн гарсны дараа сандраад төсөвтэйгээ ноцолдоод эхэлье гэж бодъё. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлтэл нэг сар хүрэхгүй хугацаа байна. Энэ хугацаанд хаврын чуулган завсарлаад хаалтаа хийгээд гишүүд тойрог руугаа явна. 15 хоногийн дотор төсвийн тодотгол хийж амжих уу. Одоо хийх сонирхолгүй хүмүүс 15 хоногт хийх ч үгүй.

Тэгэхээр төсвийн тодотголыг сонгуулиас өмнө хийхгүй юм байна. Сонгууль шуурхай явагдаад дараагийн Засгийн газар байгуулагдтал долдугаар сарын 20-ны өдөр хүргэнэ. Яамдын бүтэц жигдэртэл есдүгээр сар болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталбал есдүгээр сараа дуусгана. Энэ хөтөлбөрөө баталж байж төсөв рүү гээ ордог. Төсөв батлах хүртэл намар 9 сараас наашгүй юм байна. 2021 оны төсвийг аравдугаар сард өргөн барьдаг. Тэгэхээр ирэх есдүгээр сард эсвэл ирэх оны төсөвтэй хамт тодотгол хийх гэсэн сонголт байна. Сонголтгүй болгож байна шүү дээ. Тэр үед алдагдал дээд цэгтээ хүрсэн маш хүнд нөхцөл байдалтай байна. Орлого нь тасарч, зээлжих зэрэглэл буурсан байх магадлал өндөр. Хэрвээ ийм байдалтай байвал саарал жагсаалтаас гарч чадах уу. Маш олон хүнд байдлыг тулгах гэж байна шүү дээ.

Тухайн үед валютын сангийн хөтөлбөр дууссан, бондын төлбөрийн төлөлт эхэлнэ. Ийм хүнд нөхцөл байдал руу явуулж байна. Тодотгол хийх, хийхгүй нь эрх барьж буй хүмүүсийн асуудал. Гэхдээ дээрх нөхцөл байдал давхацна гэдэг тооцоолол, судалгааг хийхгүйгээр явж болохгүй. Бүх зүйл сайхан байна гэж хэн ч амлаагүй. Сайн хувилбарыг бодолгүйгээр дунд, тааруу хувилбараар л бодох хэрэгтэй. АНУ-ын хөгжлийн агентлаг хүндрэлийг даван туулахад туслалцаа үзүүлье гэсэн. Тэгэхээр бид вирусийн тархалтын судалгааг нь авах хэрэгтэй.  Бидэнд тооцоололгүй ажиллаж байна. 42 битгий хэл 30 сая тонн нүүрс авъя гэж хэн ч хэлээгүй.

Вирусын тархалт хэзээ зогсох талаар хэн ч яриагүй. G7-ийн орнууд сандарч долоохон хоногийн дотор хуралдаж байна гэдэг нь том тооцоо байна гэсэн үг. АНУ-ын холбооны нөөцийн банк 2008 оны хямралаас хойш хэзээ ч ээлжит бус хурал хийгээгүй. Гэтэл тэд хуралдаад бид эдийн засгаа дэмжихээр бодлогын хүүгээ бууруулна гэж мэдэгдлээ. Энэ чинь нэг юм хэлээд байна шүү дээ. Төв банкнаас илүү дэмжлэг хэрэгтэж гэж буй нь эдийн засаг илүү их хүндрэх гээд байна гэдгийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр тооцоолол судалгаа авч байж шийдвэр гаргах ёстой.

Тэгэхгүй ямар ч тооцоо, судалгаагүй “Та нар тайван байж бай. Амьдрал сайхан болно” гээд байна. Улс төрөө л бодож ажиллаж байна шүү дээ. Нөгөө талд Ч.Хүрэлбаатарын компанийн мөнгөний төсвийг яриагүй. Энэ бол Монголын ард түмний мөнгө. 2020, 2021 онд эдийн засаг хүндрэх үү, өрийн дарамтад орох уу гэдэг нь энэ засгийн газрын асуудал биш ээ. Монгол улсын эдийн засгийн дунд урт хугацааны хувь заяаны асуудал ярьж байгаа учраас шаардаад байна.

-ОДОО БОЛ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-Н IPO СОНИРХОХ
ХҮН Ч ҮГҮЙ, ҮНЭ ЦЭНЭ Ч ХҮРЭХГҮЙ-

- “Эрдэнэс-Тавантолгой”олон улсын зах зээлд IPO гаргана гэж байна. Энэ цагаа олсон ажил мөн үү?

-Нэлээн олон жил яригдсан асуудал учраас бэлтгэл ажил хангагдсан байх. Урьдчилсан үнэлгээ хийх, тайлан балансаа олон улсын байгууллагуудын шаардлагад нийцүүлсэн болов уу. Харин яг хэзээ гаргах уу, нөхцөл нь бүрдсэн үү гэдэг нь өөр асуудал. Ялангуяа Азийн санхүүгийн нөхцөл байдал огт өөр дүр төрх рүү орж байна. Өнгөрсөн арав хоногийн дотор олон улсын бирж дээр 4-5 хувийн уналт үзүүллээ. 2008 оны хямралын үеэр бирж дээр долоо хоногийн дотор 7-8 хувийн уналт болж байсан Түүнээс хойш ганц ч удаа ийм уналт болж байгаагүй. Ийм уналттай үед хөрөнгө оруулагчид шинэ хувьцаа худалдаж авахгүй. Зах зээлийн хүндрэлтэй үед хувьцааг олон нийтэд арилжаалах цаг нь биш. Тэгэхээр энэ дараагийн Засгийн газар руу шилжих болов уу. Одоо бол сонирхох ч хүн байхгүй, үнэ цэнэ ч хүрэхгүй. Эдийн засагт шок үүсээгүй байсан бол зүгээр байсан.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө