Олимпод түрүүлбэл гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал насан туршид нь олгоно

Олимпод түрүүлбэл гурван сая төгрөгийн мөнгөн урамшуулал насан туршид нь олгоно

Токио-2020 олимпын наадам хаяанд ирж байна. Хэдий коронавирусийн халдварын тархалт дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдсэн ч олимпын наадмыг хойшлуулах, эсвэл зохион байгуулагдах улсыг солих талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Харин тамирчдын хувьд дөрвөн жилийнх нь хүч хөдөлмөрийг сорьсон чухал үе одоо тохиож байна.

Тэгвэл олимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд байр эзэлсэн тамирчдыг улсаас хэрхэн шагнаж урамшуулах талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны Биеийн тамир, Спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг мэдээлэл өгчээ.

Тэрээр “Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагддаг тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэгдсэн. Хөлс хүч, цаг зав гээд бүх зүйлээ зөвхөн спортдоо зориулсан тамирчдынхаа амьдралын болон нийгмийн баталгааг нь бий болгох зорилгоор энэ журмыг шинэчлэн баталсан юм. Манайх зөвхөн олимп гэлтгүй Азийн наадам, ДАШТ-нүүдэд амжилттай оролцсон тамирчиндаа сар бүр насан туршид нь тэтгэлэг олгохоор болсон. 2020 оны төсөвт сар бүрийн мөнгөн урамшуулал 1.5 тэрбум, нэг удаагийн урамшуулалд 1.5 гээд нийт 3 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Жишээ нь Олимпын наадмаас медаль хүртвэл 1-3 сая төгрөгийг насан туршид цалин хэлбэрээр олгох бол ДАШТ-нээс медаль хүртвэл 500 мянгаас 2 сая төгрөгийн цалин хэлбэрээр мөн насан туршид нь олгоно” гэлээ.

Одоогоор дэлхийн хэд хэдэн оронд олимпын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын олимпын ес, пара-олимпийн таван спортын төрлөөр нийт 15 эрх аваад байна.