Коронавирустэй холбоотойгоор газрын тосны ханш 1991 оноос хойш анх удаа 25 хувиар буурлаа

Коронавирустэй холбоотойгоор газрын тосны ханш 1991 оноос хойш анх удаа 25 хувиар буурлаа

Саудын Араб улс газрын тосныхоо үнийг бууруулах томоохон шийдвэр гаргасан нь коронавирусийн халдвартай холбоотойгоор эрэлт нь буураад байсан уг түүхий эдийн үнийг улам буурах нөхцөлийг бүрдүүллээ.

Дэлхийн газрын тос олборлон, боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох ОПЕК-ийн хайгуулаа бууруулах тухай хэлэлцээг ОХУ дэмжээгүйгээс Саудын Араб ийм шийдвэрт хүрчээ. Улмаар газрын тосны дэлхийн зах зээл дээрх ханш 1991 оноос хойш анх удаа 25% буурч, гуравдугаар сарын 9-ний байдлаар брэнт тосны үнэ баррель нь 33.89 ам.доллар болов.

Дэлхийн газрын тосны 15 хувийг хэрэглэдэг БНХАУ-д 2020 оны нэгдүгээр сард шинэ коронавирусийн халдвар гарсны улмаас газрын тосны эрэлт буураад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор уг түүхий эдийн үнэ унаж эхлээд байсан юм.

Тэгвэл үнийн энэхүү өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  "Дэлхийн зах зээл дээрх үнийн хөдөлгөөнийг дагаад энэ сард газрын тосны үнэ тодорхой хэмжээнд буурч орж ирэх ч яг одоогоор хэд байх нь тодорхойгүй байна. Учир нь ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг дагаад үнийн бууралт тийм ч өндөр байхгүй болов уу. Тухайлбал, ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр өсдөг. Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд нэг сарын шатахууны нөөц нь байгаа.

Өчигдрөөс Саудын Арабын шийдвэртэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 35 орчим долларт хүрлээ. Үнийн энэ нөлөөлөл манай улсад дөрөвдүгээр сард орж ирэх шатахуун дээр мэдрэгдэнэ.

Манай зүгээс аж ахуйн нэгжүүдэд хяналтаа тавиад явж байгаа. Газрын тосны үнэ буурахад Монгол Улсад шатахууны үнэ дагаад буурах юм" гэж мэдэгдсэн юм.

Коронавирусийн улмаас эрэлт буурч байгаатай холбоотойгоор "ОПЕК" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Энэ талаарх мэдээлэлтэй холбоотойгоор газрын тосны үнэ буурч байгаа аж.

Өмнө нь ОПЕК 2020 оны эцэс хүртэл газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.5 сая торхоор бууруулахыг санал болгожээ. Гэсэн хэдий ч энэ саналыг ОХУ болон Казахстан эсэргүүцсэн байна.