ӨЛСГӨЛӨН Ч БАРДАМ: Хойд Солонгос хүнсний тусламжаас татгалзав

ӨЛСГӨЛӨН Ч БАРДАМ: Хойд Солонгос хүнсний тусламжаас татгалзав

БНАСАУ-ын  эрх баригчид гадаадын 300 тонн хэмжээтэй хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан тухай Өмнөд Солонгосын КВС телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлээр ардын хороодын дэргэдэх хилийн чанад дахь эх орон нэгтнүүдтэй харилцдаг хэлтсүүд дээрх захирамжийг хүлээн авсан байна.

Өөр эх сурвалжийн мэдээдснээр, тавдугаар сарын дундуур Америкийн нэгэн төрийн бус байгууллага БНАСАУ-д 25 тонн хүнсний тусламж үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч эрх баригчид нийлүүлэлтийн хэмжээ бага гэж үзэн татгалзжээ.

Хилийн чанадын төрийн бус байгууллагуудтай байнга холбоо харилцаа тогтоох нь  гадаад иргэдтэй ажилладаг байгууллагуудын ажилтнуудын дунд үзэл суртлын хямрал бий болгоно гэж Пхеньян үзсний улмаас гадаадын тусламжаас татгалзаж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм.

Энд дуулгахад, 2019 онд БНАСАУ-д тус улсын түүхэнд ховор тохиосон ган гачиг нүүрлэсэн байна. Нэгдүгээр сараас тавдугаар сарын 15-ны хооронд энэ улсад ердөө 56,3 мм тунадас унасан нь сүүлийн 102 жилд тохиосон хамгийн бага үзүүлэлт гэнэ.

Ийнхүү ган гачгийн улмаас БНАСАУ-ын 10 сая оршин суугч буюу нийт хүн амын 40% нь өлсгөлөнд нэрвэгдэх аюултай тулгараад байгаа талаар өнгөрсөн сарын эхээр НҮБ мэдэгдэж байлаа. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр 2018 онд ургац муу байсны улмаас үр тарианы нөөц 1,36 сая тонноор хомсдож, хүнсний нэг өдрийн нормыг 80 орчим граммаар буулган 308 грамм болгосон байна.