Саудын Араб, ОХУ нефть олборлолтоо нэмэгдүүлнэ

Саудын Араб, ОХУ нефть олборлолтоо нэмэгдүүлнэ

Коронавирусийн халдварын улмаас нефтийн эрэлт буурах төлөвтэй байгаа ч Саудын Араб, ОХУ нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.“ОПЕК”-ийн гишүүн болон гишүүн бус орнууд нефтийн олборлолтыг бууруулах талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Үүний дараа эдгээр улсууд нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэж мэдээлжээ.

Тухайлбал Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани ирэх сараас өдөрт 12.3 сая торх нефть үйлдвэрлэж эхлэхээр болсон тухайгаа мягмар гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “манай улс богино хугацаанд өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 300 мянга хүртэлх торхоор нэмэгдүүлнэ” гэжээ.

Мөн тэрбээр, өдрийн олборлолтыг дунд, урт хугацаанд хагас сая торхоор нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Эдгээр үзүүлэлтээс харахад ОХУ нефтийн нийлүүлэлтээ 4 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой. Хоёр орны нефтийн олборлолтын өсөлт нь дэлхийн нефтийн эрэлтийн 3 орчим хувьтай тэнцэх юм. Гэвч үүнээс улбаалан “үнийн дайн” дэгдэж болзошгүй эрсдэл үүсээд байна.

Нефть олборлогч зарим орон зах зээл дэх замбараагүй байдлыг зохицуулахын тулд хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалж байгаа. Ирак улсын эрх баригчдын үзэж буйгаар, нефтийн нийлүүлэлт хэтэрснээр үнэ огцом унах тул зөвхөн нефть олборлогч орнуудын эдийн засагт хохирол учрах юм.

Эх сурвалж:NHK