М.Энхболд: Тавантолгойн талаарх УИХ-ын тогтоолыг шууд хүчингүй болгох тухай ярьж байгаа нь буруу

М.Энхболд: Тавантолгойн талаарх УИХ-ын тогтоолыг шууд хүчингүй болгох тухай ярьж байгаа нь буруу

УИХ-ын дарга асан М.Энхболд УИХ-ын 73-р тогтоолыг тойрон сүүлийн үед өрнөж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж ярьсан мэдээлэл зарим сайтуудад гарчээ.

Тэрбээр “2018 оны УИХ-ын 73-р тогтоолоор Тавантолгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн юм. Одоогоос бараг 2 жилийн өмнө гарсан тогтоол. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож болно. Авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс, химийн үйлдвэр, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах гэх мэт олон чухал асуудал энэ хүрээнд хөндөгдөж байгаа юм.

Тогтоолд, Тавантолгойн орд газрын 30 хүртэлх хувиар гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газар судалж, судалсныхаа дагуу үйл ажиллагаа явуулж, хэрэгжүүлэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуул гэсэн онцгой заалт орсон. Гэтэл энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал хөндөгдөж, ярьж байгаа нь буруу.

Юуны өмнө тогтоолын дагуу хийгдсэн бүх ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн журмаар асуудлыг авч үзэх ёстой.

Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг бодлогыг тодорхойлох асуудал УИХ-ын эрх мэдлийн хүрээнийх.

Жишээлбэл, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн орд газрыг ашиглах талаар төсөл боловсруулсан байсныг миний бие Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, Р.Гончигдорж нарт танилцуулж, өөрөөр хэлэх юм бол Улсын Их Хурлын дарга болон 3 дэд дарга хамтран дөрвүүлээ гарын үсэг зурж, Улсын Их Хуралд танилцах нөхцөлийг бүрдүүлж, шийдвэр гаргаж байсан түүхтэй” гэжээ.