ЭМЯ: Халдвартай иргэн сэтгэл санааны хувьд тогтворгүй байна

ЭМЯ: Халдвартай иргэн сэтгэл санааны хувьд тогтворгүй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн 00:25 цагт шинэ коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж ДЭМБ-аас зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугцаанд дөрвөн цар тахал гарсан. Сүүлийнх нь 2011 онд гараад байсан.

Энэ удаагийн цар тахал коронавирусээр үүсгэдэж байгаа анхны цар тахал бөгөөд хяналтад авч чадсан гэдгээрээ онцлог байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд энэ өвчний эсрэг тэмцэлд нэгдэн оролцоно.

Иргэд маань хэтэрхий их айдас, түгшүүрт автан дархлаагаа сулруулж болохгүй. Мөн цуурхал, худал мэдээлэлд битгий итгээрэй.

ДЭМБ-аас эрсдэлт бүлгийг 60-аас дээш насныханыг хамруулж байсан бол өнөөдрөөс 40-өөс дээш насныханыг эрсдэлт бүлэгт хамруулж эхэлсэн байна. Энэ мэтээр нөхцөл байдал өдөр тутам өөрчлөгдөж байгааг хэлмээр байна” гэлээ. Халдвар дэлхийн 117 оронд тархаад байна.

Дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнийхээ хүрээг тэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт авах, өмнөх хязгаарлалтынхаа хүрээг тэлэх шийдвэрүүд гаргасаар байна.

АНУ гэхэд 24 муж улсдаа онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британи улсаас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй юм байна.

Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал нийт 23,000 нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.

БНХАУ-д халдварын тохиолдлыг тууштай бууруулж байгаа хэдий ч гадаад улсаас халдвартай хүн ирэх тохиолдол гарч байгаа тул Бээжинд ирж байгаа иргэдийг гэрт нь эсвэл тусгайлан бэлдсэн зочид буудалд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Богино хугацаагаар ирсэн гадаадын зочдыг мөн түр тусгаарлаад шинжилгээ өгч халдваргүй нь баталгаажсаны дараа гадуур явах зөвшөөрөл өгөхөөр болжээ.

Зарим улс мөн виз олгохгүй байх, өмнө нь олгосон визээ цуцлах гэх мэт арга хэмжээг аваад эхэлсэн байна” хэмээн хэллээ.АНУ-д 24 улсад онц байдал зарлаад байна. Мөн маргаашнаас эхлэн АНУ гадаадын иргэдийг оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ хязгаарлалт нь нэг сарын хугацаанд үргэлжлэх аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Халдвартай иргэний хувьд биеийн байдал тогтворгүй байна. Өглөөний давтан шинжилгээний дараа айсан, санаа зовсон байдал их ажиглагдаж байсан. Тиймээс эмчилгээний хажуугаар сэтгэл санаагаар дэмжих, тайвшруулах тал дээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.