БНХАУ коронавирусийн тухай олон ангит кино хийхээр болжээ

БНХАУ коронавирусийн тухай олон ангит кино хийхээр болжээ

АНУ, Европт коронавирусийн халдвар ид тархаж байхад харин уг өвчний голомт болсон БНХАУ цар тахлын оргил үеийг даван гарснаа мэдэгдэж, жирийн амьдралдаа бага багаар шилжсээр байна. Хойд Америк, Европын спортын лиг, тэмцээнүүд цуцлагдаж байхад БНХАУ ирэх сараас хөл бөмбөг, сагсан бөмбөгийн лигийн тоглолтоо эхлүүлнэ гэж зарлалаа.

БНХАУ-ын Үндэсний радио, телевизийн удирдлагын газраас коронавирусийн эсрэг тэмцлийн сэдэвтэй олон ангит кино хийхээр шийдсэн байна. “Хамтдаа” нэртэй тус драм аравдугаар сард дэлгэцэд гарах гэнэ.

Нийт 20 ангитай тус кинонд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс халдварт өвчний эсрэг гар нийлэн ажиллаж байгаа баатарлаг явдлыг харуулах юм. Бодит хүмүүсийн түүхийг бага зэрэг уран сайхны арга хэрэглэн үзүүлэх гэнэ.

Найруулагч Чжан Синь Би “Энэ төслөөр би коронавирусийн эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм. COVID-19 вирустэй эхний эгнээнд тэмцсэн баатарлаг хүмүүсийн тухай би өгүүлнэ. Кино хийх мэдээллээ би Ухань хотоос авч эхэлсэн” гэж мэдээлжээ.

Харин ард иргэд энэ төсөлд тун дургүй байгаа юм.

Нэгдүгээрт, БНХАУ, дэлхийд халдварын аюул дуусаагүй байна. Хоёрдугаарт, ойр дотнынхноо алдсан хүмүүсийн сэтгэлийн шарх аниагүй байна.

“Драм хийх төслөө зогсоо. Хэрэв ямар нэг юм хиймээр байгаа бол баримтат кино хий”

“Цар тахал зогссон хойно бол би дэмжинэ. Харин хүмүүс амь насаа алдсаар байгаа энэ үед бол эрс эсэргүүцэж байна” гэх зэрэг сэтгэгдэл үлдээжээ.

 

 Эх сурвалж: JAYNESTARS.COM