“Conqueror Clo” хувцасны брэнд Г.Пүрэвбат ламын бүтээл “Чингис хаан”-ы зургийг хууль бусаар ашиглаж орлого олж байна

“Conqueror Clo” хувцасны брэнд Г.Пүрэвбат ламын бүтээл “Чингис хаан”-ы зургийг хууль бусаар ашиглаж орлого олж байна

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв соёл гэдэг бол түүхийн гэрч, бидний үндэсний дархлаа, хойч үеийнхний бахархал юм. Тэр тусмаа төрт ёсны уламжлал, эзэн Чингис хааны нэр Монгол хэмээх нэртэй салшгүй холбоотой байдаг. Гадаадууд Монгол улс гэсэн нэрийг сонсоод заавал Чингис хааны талаар асууж сонирхдог. Тиймдээ ч түүний зургийг ашиглан нэгэн гадаад брэнд фудволк гаргажээ.

-ЧИНГИС ХААНЫ ЗУРАГ БОЛ ОЛОН НИЙТЭД ҮНЭГҮЙ ТАРААГДАХ
ЁСТОЙ, АРД ТҮМНИЙ НИЙТИЙН ӨМЧ-

АНУ-ын хувцасны брэнд болох “Conqueror Clo” хэмээх дэлгүүр Чингис хааны зурагтай нэгэн фудволкыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн гаргажээ. Тус зураг нь Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээсэн “Чингис хааны буддачилсан хөрөг зураг” бөгөөд төрийн ордонд байрладаг бүтээл аж.

Харин энэ тал дээр олон нийтийн дунд маргаан гараад буй бөгөөд зарим хүмүүсийн хувьд энэ нь оюуны өмчийн хуулийг зөрчиж буй явдал гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

Бид энэ талаар Оюуны өмчийн газраас тодруулахад “Чингис хааны зураг болон, ард түмний зан заншил, соёл уламжлалтай холбоотой бүтээл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар зохиогчийн эрхээр үл хамаарах бүтээлд хамаарагддаг. Харин Г.Пүрэвбат ламын бүтээлийн тухай гомдол, мэдээлэл одоогоор ирээгүй байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Мөн бид Г.Пүрэвбат ламын албан ёсны сайттай холбогдон энэ талаар тодруулахад “Тэр зургийн талаар мэдээлэл ирсэн. Энэхүү бүтээлийг тэр тусмаа Чингис хааны хөрөг зургийг олон нийтэд үнэгүй тарааж, хойч үе ард түмэндээ өв уламжлалаа дээдлэн, бахархаж явах үзлийг сурталчлан таниулах учиртай. Харин тэрхүү гадаад дэлгүүрийн хувьд бүтээлийг ямар нэгэн зөвшөөрөлгүй ашиглан цаашлаад олон нийтэд мөнгөөр зарж борлуулж буй нь хууль бус үйлдэл юм. Гэхдээ бид энэ талаар ямар нэгэн гомдол санал одоогоор гаргаагүй. Аль болох асуудалд тайван хандахыг илүүд үзэж байна” гэсэн хариуг өгсөн юм.

CONQUEROR ClO” БРЭНД НЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ТОМООХОН
НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ХҮН БОЛОН ТЭМДЭГТҮҮДИЙГ
СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ”

“Conqueror Clo” буюу байлдан дагуулагч хэмээх утгатай хувцасны брэнд нь 2017 онд байгуулагдсан бөгөөд түүхийг амьдруулж, хүн төрөлхтөний оюун санаанд үлдээх ажилд ихээхэн нөлөө үзүүлсэн хувь хүмүүс, тэмдэгтүүдийг дэлхийн өнцөг булан бүрт сурталчлан таниулах зорилготой” хэмээн танилцуулга дээрээ бичжээ.

“Чингис хаан” хэмээх нэртэй фудволк нь 45 доллараар зарагдаж буй бөгөөд бүтээгдэхүүний танилцуулган дээр  “Монгол улсын удирдагч Чингис хаан (1162-1227) түүхэн дэх хамгийн том  эзэнт гүрнийг байгуулав. Монголын өндөрлөгт нүүдэлчин омгийг нэгтгэсний дараа тэрээр Төв Ази, Хятадын асар том хэсгүүдийг эзлэн авчээ. Түүний үр удам нь эзэнт гүрнийг улам бүр өргөжүүлж, Польш, Вьетнам, Сири, Солонгос зэрэг улсуудыг эзлэн авав. Байлдан дагуулалтынхаа оргил үед монголчууд 11-12 сая орчим хавтгай дөрвөлжин хэмжээтэй газар нутгийг захирдаг байв. Чингис хааны түрэмгийллийн үед олон хүн алагдсан боловч гайхалтай удирдагч байж харьяатууддаа шашны эрх чөлөө өгч, эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоож, худалдаа наймаа эрхэлж, олон улсын анхны шуудангийн системийг бий болгосон. Чингис хаан 1227 онд Си Ся улсын хаант улсын эсрэг хийсэн байлдааны үеэр нас баржээ. Түүнийг оршуулсан  газар одоог хүртэл тодорхойгүй хэвээр байдаг”  хэмээн бичжээ.