А.Гансүх: Таван толгойн IPO-г УИХ шийдчихсэн

А.Гансүх: Таван толгойн IPO-г УИХ шийдчихсэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Таван толгойн ордтой холбоотой асуудлаар Өдрийн сонины тоймч Д.Мөнгөндалайтай ярилцсан байна. Учир нь сүүлийн үед Таван толгой ордын тодорхой хувьд IPO буюу олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгож хөрөнгө оруулалт татах тухай асуудал олны анхааралд ороод байгаа билээ. Иймд бид тус ярилцлагыг бид бүрэн эхээр нь iSee.mn сайтад нийтэлж байна.

-Таван толгойн орд дээр IPO хийхтэй холбоотой асуудлаар улстөрчдийн дунд маргаан дэгдээд байна. Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц зөвлөмж гаргасан тухай тайлбар хийнэ үү?

-Асуултад хариулахын өмнө тайлбар хиймээр байна. ҮАБЗ бол Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, шашны асуудал, хүний эрх, эрх чөлөө зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг бие даасан байгууллага. ҮАБЗ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгон ажилладаг.

-Эдийн засгийн аюулгүй байдал бас хамаарна биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эдийн засгийн аюулгүй байдал гэж заасан байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.4-т зааснаар эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

-ҮАБЗ тэгвэл эдийн засгийн асуудалд оролцох нь ээ?

-Тийм. Эдийн засгийн аюулгүй байдал бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудлын нэг. Тиймээс ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар шийдвэр гаргадаг. АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Америкийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг тэргүүн ээлжинд тавьж бусад улс орнуудтай худалдааны маргаан хийж байгаа биз дээ.

-Зөвлөмжтэй холбоотой асуултадаа хариулт авъя?

-Хариулъя. Яагаад эдийн засгийн асуудлыг ҮАБЗ хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа вэ гэдгийг ойлгосон байх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргаж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар, чиглэл өгдөг. Тэр шийдвэрийн текст нь зөвлөмж хэлбэрээр бичигддэг. Дахин онцлон хэлье, ҮАБЗ-өөс шийдвэр гардаг, тэр шийдвэрийн бичигдэж гарч байгаа текст нь зөвлөмжийн хэлбэртэй байдаг.

-Тэгэхээр ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг биелүүлэхгүй байж болох уу?

-Болохгүй. ҮАБЗ байгуулагдсан 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол гараагүй байна. Цаашид ч гарахгүй биз.

ҮАБЗ-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт зааснаар зөвлөмжөөр үүрэг авсан төрийн байгууллага, албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлж хариу мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс түүнийг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Хуулийн мэдлэггүй хүмүүс зөвлөмж гэсэн үгэнд төөрөгдөх нь их.

-Тэгвэл зөвлөмж нууц байдаг нь ямар учиртай юм бэ?

-ҮАБЗ нь төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчин, тагнуул, цагдаа зэрэг тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой онц чухал асуудлыг шийдвэрлэж байдаг учраас бараг бүх зөвлөмж нь нууц, маш нууц зэрэглэлтэй гардаг. Ил зөвлөмж их цөөхөн гарна даа. Төрийн нууц гэж байдаг биз дээ. Үүнд гайхах юм байхгүй.

-За тэгэхээр Таван толгойн ордын талаар нууц зөвлөмж гарсан юм байна гэж ойлголоо. Заавал нууцлах шаардлагатай байсан уу?

-Зөвлөмж гарсан. Мэдээж шаардлагатай болоод нууцалсан. Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж бий. Тэр хуулийн дагуу л нууцад авсан байгаа. Төр нууцтай байх ёстой гэдгийг дахин хэлье.

-Тэр зөвлөмжийг нууцаас гаргая гэж Л.Оюун-Эрдэнэ сайд танд хандана гэсэн. Хандсан уу?

-Энэ асуудлыг хуулийн дагуу ҮАБЗ-ийн гишүүд хэлэлцэн шийдэх байх.

-Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэхдээ “З.Энхболд ҮАБЗ-ийн хуралд суусан, асуудлыг мэдэж байсан байж одоо улс төр хийж байна” гэдэг асуудал тавьсан. Таван толгойн асуудлыг хэлэлцсэн ҮАБЗ-ийн хуралд З.Энхболд дарга байсан уу?

-Тэр хуралдаанд З.Энхболд дарга байсан. Ер нь бол ЕТГ-ын дарга ҮАБЗ-ийн бүх хуралдаанд оролцдог.

-Таван толгойн IPO асуудлыг З.Энхболд 2018 онд мэдэж байсан гэдэг тэгвэл үнэн юм байна?

-Мэдээж үнэн. З.Энхболд дарга үүнийг үгүйсгээгүй биз дээ.

-Тэгээд яагаад одоо эргэж буцаад, эсэргүүцээд байгаа юм бол?

-З.Энхболд даргын яриаг би үзсэн. Та бүхэн нэг зүйлийг анхаарна уу. Түүний ярилцлагаас харахад З.Энхболд дарга Таван толгойн IPO хийх асуудлыг эсэргүүцээд байгаа биш, “Харин анх төлөвлөсөн 5 тэрбум долларын үнэд хүрэхгүй байна, 30 хувь дээр 1 тэрбум долларын IPO хийх хэрэггүй” гэсэн байр суурь илэрхийлсэн байсан.

-Үнийн асуудал байгаа гэж ойлгогдож байсан. АН-ын улс төр хийж байгаа асуудал юм биш үү?

-Улс төрийн хувьд би ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол хуулийн шаардлагаар намын гишүүнчлэлээс түдгэлзсэн, төрийн тусгай албан тушаалтан. Би бодит байдлыг л тайлбарлаж байна.

-Таван толгойн орд дээр IPO хийх нь зөв гэж ҮАБЗ шийдсэн үү?

-Таван толгойн орд дээр IPO хийх нь шинэ асуудал биш, энэ асуудлыг анх УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Түүнийг дагуу асуудлыг дахин ҮАБЗ дээр хэлэлцээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарах энэ зарчим зөв гэж үзсэн. УИХ дахин 2018 онд энэ асуудлыг хэлэлцээд 73 дугаар тогтоолоор IPO хийхийг Засгийн газарт даалгасан байна. Тэгэхээр 2010 оноос хойш яригдаж байгаа асуудлыг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төрийн залгамж чанар гэж байдаг биз дээ.

-Тэгвэл яагаад Таван толгойн орд дээр IPO хийх нь хууль бус гэх болов?

-Хууль бус зүйл ерөөсөө байхгүй. Харин ч 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Таван толгойн ордыг УИХ-аар оруулахгүй хувийн компанид шилжүүлэх гэж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудлыг УИХ, ҮАБЗ, Засгийн газар гээд бүх түвшиндээ хэлэлцүүлсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Зүгээр л одоогийн олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх үнэ нь Эрдэнэс Таван толгой компанийн нэг жилийн борлуулалттай тэнцэхээр байгаа нь хямд гэж гологдож байна л даа. Зүүн цанхийн ордын 30 хувь нь 1 тэрбум доллар мэдээж хямд үнэ. Гэвч олон улсын бирж дээрх дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоох биш. Коронавирус дэлхий даяар тархаж, дэлхийн бүх биржийн үнэт цаасны ханш унаж байна. Алтнаас бусад түүхий эдийн үнэ унаж байна. Цаг үе нь ингэж таарч байна.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ. Зөв шийдэл нь юу вэ?

-Үнэ өсөхийг хүлээх л хэрэгтэй байх. Л.Оюун-Эрдэнэ сайдын ярианаас харахад Засгийн газар ч гэсэн ийм байр суурь баримталж байгаа юм байна гэж ойлгогдсон. Засгийн газарт нөөц хувилбар байгаа даа.

-Зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөрөнгө оруулалт татах гол арга нь IPO шүү дээ?

-Энгийнээр хэлбэл, санхүүжилт татах арга юм. Бизнесийг санхүүжүүлэх олон арга бий, Жишээлбэл, Нэгдүгээрт, гадаад дотоодоос компанидаа шууд хөрөнгө оруулалт авах арга байна. Энэ тохиолдолд ихэнхдээ хөрөнгө оруулагчтай хамтарсан компани байгуулдаг. Хөрөнгө оруулагч тал оруулж байгаа хөрөнгөндөө хувьцаа эзэмшдэг. Хувьцааны хэмжээг талууд тохирдог. Ихэндээ хөрөнгө оруулагч тал 49 хувиас буухгүй дээ. Хоёрдугаарт, банкнаас зээл авах, энэ тохиолдолд компани тодорхой хугацааны дараа авсан зээлээ төлнө, нэмж зээлийн хүү төлнө. Гуравдугаарт, компанийнхаа хувьцааг олон улсын бирж дээр нийтэд арилжих буюу IPO (intial public offering буюу нийтэд санал болгох) хийх арга. Энэ илүү үр дүнтэй. Учир нь хувьцаа зарж олсон мөнгөнд хүү төлөхгүй, компани өөрөө хэдэн хувиа бирж дээр гаргахаа шийднэ. Бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч компанийн ашгаас эзэмшиж буй хувьцаандаа таарсан ногдол ашиг авна. Компани олон улсын бирж дээр хувьцаа арилжсан учир үйл ажиллагаа нь ил тод, олон улсын хуулийн дагуу явагдана. Компанийн засаглал, санхүүгийн бүх үйл ажиллагаа шилэн болдог гэсэн үг л дээ. Зөвхөн Монголын биш, олон улсын компани болж байгаа юм.

-Ингэвэл харин ч Монголын компани олон улсын жишиг стандартаар хувьчлагдах давуу тал үүснэ гэж харагдаад байх юм?

-Ашигт малтмалын орд буюу нүүрсний уурхайг хувьчилж байгаа юм биш. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч тус компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшинэ. Хувьцаа эзэмших нь тус компанийн тодорхой нэг хөрөнгийг эзэмших эрх биш. Хууль, компанийн дүрмийн дагуу компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд оролцоно, ногдол ашгаа авна.

-Тэгэхээр та Таван толгойн ордын IPO-г буруу гэх гээд байна уу?

-Уучлаарай. Ингээд ярилцлагаа дуусгая. Олон нийт дүгнэлтээ хийнэ биз.Ингэхэд Д.Сумъяабазар сайд чинь 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Ажлын хэсэгт ажиллаж Таван толгойн ордыг хууль бус үйл ажиллагаанаас аварч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө алдарт 40 гишүүний чинь нэг.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН