Алба хаагчид 25 километр тутамд хяналт тавин ажиллаж байна

Алба хаагчид 25 километр тутамд хяналт тавин ажиллаж байна

Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 11-16-ны өдөр хүртэл хот хоорондын замын хөдөлгөөнийг хаасан билээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагаас хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг нээлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 450 км автозамын 25 км тутамд алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зөвлөгөө мэдээлэл өгч, тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байна. Мөн замын хөдөлгөөний талаар цаг үеийн шинжтэй мэдээллийг орон нутгийн телевиз, цахим хуудсаар түгээн ажиллаж байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та,

 Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах,

 Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх,

 Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх,

 Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,

 Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх,

 Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/,

 Орон нутгийн замд хурдыг 70 км/цагаас, суурин газар 50 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.