МҮОНТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд: Халдварын голомт дээр  сурвалжилга бэлдээд л явж байна

МҮОНТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд: Халдварын голомт дээр  сурвалжилга бэлдээд л явж байна

Монголын сэтгүүлчид бусдын энд хүрч, дэлхийн хэмжээнд сэтгэн ажиллах цагийг наашлуулах сан...Нэгэн нөлөө бүхий ахмад сэтгүүлч ийн хэлсэн байдаг. Тэгвэл “тэрхүү” цагийг наашлуулахаар Монголын сэтгүүлчид дэлхийн өнцөг булан бүрт хичээнгүйлэн ажиллаж  байна. Тэдний нэг бол МҮОНРТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд юм. Тэрээр БНСУ-д ассемблейн ордны сэтгүүлчээр 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд тус улсад коронавирусийн халдвар дэгдсэн энэ онц үед ч эх орныхоо иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангахаар үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Бид Э.Ижилболдтой холбогдон түүний ажил мэргэжлийн сонин сайхан, цаг үеийн нөхцөл байдал, түүний хүсэл мөрөөдлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 

-ОРОЙ БОЛГОН ЦЭНХЭР ДЭЛГЭЦЭЭР Л ХАРДАГ БАЙСАН МУНДАГ ХҮМҮҮСТЭЙ
НЭГ ХАМТ ОЛОН БОЛЖ АЖИЛЛАНА ГЭДЭГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ-

-Сайн байна уу. Юуны өмнө  уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэбатын Ижилболд гэдэг. Би Дархан хотод төрж өссөн. 10 жилийн сургуулиа Дарханд төгсөж, МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн. 2010 онд Солонгост ирж 2012 онд “Гёнхы” их сургуулийн хэлний бэлтгэлийг дүүргэсэн. Дараагаар нь “Сооншил” их сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэргийг хамгаалсан.

-Сэтгүүлчийн мэргэжлийг яагаад сонгосон бэ. Энэ сонголтыг хийхэд юу хамгийн ихээр нөлөөлөв?

-Бага байхаасаа л телевизээр гардаг нэвтрүүлэгч ах, эгч нарыг хараад дагаж, дуурайх их дуртай байсан л даа. Тэгээд л бага ангид байхдаа сэтгүүлч болох хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн Дархан хотынхоо Лха телевизэд очин шалгуулж, тэнцсэнээр мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийсэн юм.

-Анхны эфирт гарч байсан үеэ ярьвал.

-Анх 12 настайдаа хүүхдийн нэвтрүүлэгт хөтлөгч хийж байлаа. Тухайн үед их сандардаг байж билээ.

-Монголын Үндэсний телевизийн босгыг анх алхсан түүхээсээ хуваалцвал?

-Би Солонгост сурч, ажиллаж, амьдардаг монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болохыг хүсдэг. Солонгост хичээлдээ явангаа “Wоlfstudio” гээд пэйжийг хөтөлдөг байлаа. Үүндээ Солонгост болж буй мэдээ, мэдээллийг эх хэлээрээ оруулахаас гадна тухайн орныхоо хууль тогтоомжийг тогтмол оруулдаг байсан юм. Мөн Солонгост ирээд үзэхэд тохиромжтой газрууд хаагуур байдаг, яаж аялах боломжтой гээд аль болох сонирхолтой, хүмүүст хэрэгтэй мэдээллийг оруулахыг зорьдог байсан. WOLF studio-г анх 2014 онд санаачлан үүсгэн байгуулж байсан. Зургаан жилийн турш тасралтгүй Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа дуу хоолой болж, хэрэгтэй мэдээ мэдээллээр хангаж ирсэн. Тэгээд 2017 онд МҮОНРТ хилийн чанад дахь сэтгүүлчдээ шалгаруулж авахад анкетаа явуулж тэнцсэнээр БНСУ дахь сэтгүүлчээр ажиллах болсон.

-МҮОНТ-д орохоосоо өмнө өөр газар ажиллаж байв уу?

-МУИС-ийг төгсөөд удалгүй магистраар суралцахаар Солонгосыг зорьсон.  МҮОНТ-д орохоос өмнө Солонгост олон улсын гадаад сэтгүүлчдийн холбоонд ажиллаж байсан.

-Анх ажлын санал авахад ямар мэдрэмж төрж байв?

-Тухайн үед МҮОНТ-н Н.Нарантуяа эгч Солонгосоос мэдээлэл явуулах боломжтой үгүйг асууж байсан юм. Эхэндээ Солонгост болж буй үйл явдлуудын мэдээллийг явуулдаг байлаа. Тэгтэл 2017 онд МҮОНТ гадаад улс дахь сэтгүүлчдээ сонгон шалгаруулж авсан. Тэгээд л шалгаруулалтад тэнцсэн дээ. Тухайн үед мэдээж маш их баярласан. Орой болгон телевизийн цэнхэр дэлгэцээр л хардаг байсан мундаг хүмүүстэй нэг хамт олон болж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. 

-СОЛОНГОСТ ХЭДИЙ ӨНДӨР БАРИЛГА, ӨРГӨН ЗАМ БАЙЛАА Ч
ЭХ ОРНЫГ МИНЬ ЯАЖ ГҮЙЦЭХ БИЛЭЭ-

-Солонгос хэлийг  хэдий хугацаанд сурсан бэ?

-Анх 2010 онд Гёнхы их сургуулийн хэлний бэлтгэлд суралцахаар Солонгос улсад ирж байлаа.Тухайн үед манай сургуулийн хэлний бэлтгэлд Монгол оюутнууд маш бага байдаг байсан юм. Тэгээд Япон, Хятад, Америк гээд орон орны хүүхдүүдтэй хамт Солонгос хэлийг суралцахаар болсон.  Багш нар англиар ярихыг хориглож, солонгос хэлээр л хоорондоо ярихыг шаарддаг байлаа. Анхандаа хоорондоо ёстой гарынхаа хөдөлгөөнөөр ойлголцоно доо. Өлсөж байна гэвэл гэдсээ илээд л ойлголцоно. Тэгээд гурван сарын дараа эхний улирлаа төгсөхөд бага зэрэг ярьж, хоорондоо ойлголцдог болсон. Миний хувьд жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр өдөр болгон 10 үг бичин түүнийгээ цээжилдэг байлаа. Гадуур гарахдаа аль болох тухайн цээжилсэн үгээ яриандаа ашиглахыг хичээдэг байсан. Солонгост суралцаж байгаа монголчууд маань бусад орны оюутнуудтай харьцуулахад хурдан хугацаанд маш сайн яриад сурчихдаг. Үг сайн цээжилвэл тухайн орны хэлийг илүү хурдан сурдаг юм шиг санагддаг.

-Эх нутгаасаа хол газар ажиллах ямар байна. Мэдээж цаг агаар, иддэг хоолноос эхлээд ялгаатай зүйлс байгаа байх?

-Эх нутгаа байнга санана. Аль болох жилдээ нэг удаа явчхаад ирнэ. Солонгост хэдий өндөр барилга, өргөн зам байлаа ч эх орныг минь яаж гүйцэх билээ. Цаг агаарын хувьд чийглэг болохоор зундаа их халуун, өвөлдөө жиндүү байдаг. Долоон сард борооны улирал эхэлж нэг сар орчим бороо тасралтгүй орно. Сүүлийн жилүүдэд харин их бага орж байгаа. Хүмүүс нь зун болохоор Лэнмен, Кунгүгсү гээд мөстэй хүйтэн хоол их иднэ. Анх ирээд мөстэй хүйтэн хоолыг ерөөсөө идэж чаддаггүй байлаа.Одоо бол  сайн иднэ шүү.

-СОЛОНГОСТ ЯМАР НЭГЭН АЛБАН БАЙГУУЛЛАГАД ДАРГАТАЙ ЗЭРЭГЦЭЭД ОРОХОД
СЭТГҮҮЛЧИЙГ ИЛҮҮ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ  ТОХИОЛДОЛ НЭЛЭЭДГҮЙ БИ
Й-

-Солонгос болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ялгаатай тал ажиглагдав уу?

-Энд суралцах болсон нэг шалтгаан маань Солонгосын сэтгүүл зүйг дотор нь орж мэдэхийг хүссэн. Солонгост хэвлэл мэдээллийнхэн маш хүчтэй. Учир нь хэвлэл мэдээллийн цаана ард түмэн нь байдаг. Солонгосын ард түмэн их нэгдэж чаддаг. Анхны эмэгтэй ерөнхийлөгчөө огцруулсан. Тэр хүн одоог хүртэл шоронд хоригдож байна шүү дээ. Үүнд хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал байсан. Солонгосын JTBC гээд телевиз дөрөв дэх засаглалынхаа үүргийг маш сайн гүйцэтгэсэн гэж хүмүүс үздэг. Тэд эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу болохыг энэ хэрэг дээр үзүүлсэн болов уу. Маш олон баримтыг дэлгэн тавьж чадсан нь ерөнхийлөгчөө огцруулахад хүргэсэн. Мөн Солонгост сэтгүүлч гэдэг маш нэр хүндтэй мэргэжлийн нэг. Ямар нэгэн албан байгууллагад даргатай зэрэгцээд ороход сэтгүүлчийг илүү хүндэтгэн үзэх  тохиолдол нэлээдгүй бий. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ч мундаг ажилладаг. Гэхдээ ямар нэгэн сэдвийг баримттай нь гаргаж ирж тавьдаг боловч эргээд хариуцлага хүлээх тал дээр сул санагддаг.

-Сэтгүүлч хүний ажил маш завгүй өрнөдөг шүү дээ. Завгүй ажлынхаа хажуугаар юу хийх дуртай вэ?

-Аялах их дуртай. Аль болох зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ аяллаар явахыг зорьдог. Ирэх жилээс эх орноо тойрч аялах санаатай байгаа.  Залуу хүмүүст мөнгө хэдий чухал ч аяллаар явна гэдэг илүү өөрийгөө нээх боломжийг олгодог гэж боддог.

-Залуу сэтгүүлч хүний хувьд, мөн хувь хүнийхээ хувьд ямар зарчмыг баримталж ажиллахыг эрхэмлэдэг вэ?

-Хийсэн ажилдаа эзэн нь болох ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Мөн сэтгүүлч хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй болов уу. Ямар ч хүнтэй ярилцах тохиолдол гарна шүү дээ.

-Та хэнээс хамгийн ихээр үлгэр дууриал авдаг вэ?

-Ааваасаа хамгийн ихээр үлгэр дууриал авдаг. Аав маань ямар ч ажлыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэж зааж сургасан. Тиймээс ямар ч ажлыг хийхдээ аль болох сэтгэлээ гарган хийхийг хичээдэг.  Ядрах, шантрах үед минь хамгийн их хүч өгдөг хүмүүс бол миний гэр бүл. Гэр бүлийнхэн маань намайг хурцалж, улам их эрч хүчийг өгдөг. Мөн МҮОНРТ-н үе үеийн нэвтрүүлэгч, сэтгүүлч нараас суралцаж, гаргасан мөрөөр нь  алхахыг хичээж байна.

-ЯМАР Ч НӨХЦӨЛД УЛААН ШУГАМАН ДЭЭР ЗОГСОЖ БАЙДАГ ХҮМҮҮС БОЛ
ЯАХ АРГАГҮЙ СЭТГҮҮЛЧИД-

-БНСУ-д одоо нөхцөл байдал хэр байна вэ. Өөрийн биеэр ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд илүү сайн мэдэх байх?

БНСУ-д одоогоор коронавирусийн халдварын тархалт буурч, эдгэрэлтийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Халдвар анх гарч эхлэхэд Солонгосын засгийн газар маш сайн ажилласан. Эхний ээлжинд сэжигтэй иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулж халдвар илэрсэн тохиолдолд шууд тусгаарлаж байсан. Өдөрт л 20.000-30.000 хүнийг шинжилгээнд хамруулж хариуг нь гаргаж байлаа. Гэнэт халдвар авсан иргэдийн тоо эрчимтэй өсөхөд бүгд айж эмээж, улс орнууд хилээ хааж эхэлсэн. Гэтэл сүүлийн өдрүүдэд Солонгост халдварын тархалт эрчимтэй бууж эхэллээ. Өдөрт 900 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан ч өнөөдөр халдварын тоо 2 оронтой тоонд шилжиж чадлаа. Цаашид эдгэрэн гарч буй хүний тоо эрчимтэй өснө гэж итгэж байгаа. Учир нь солонгост коронавирусийн халдвар аваад байгаа хүний дийлэнх хувь буюу 30 орчим хувийг 20-30 насны залуучууд эзэлж байна. Залуучуудын дархлааг дэмжиж өгснөөр эдгэрэх тохиолдол их байгаа. Удахгүй халдварт өвчин устаж бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна.

-Өвчин дэгдэж онц байдал зарласан шүү дээ. Ийм нөхцөлд ажиллах хэр байна?

-Сэтгүүлч бидний үүрэг шүү дээ. Ямар ч нөхцөлд улаан шугаман дээр зогсож байдаг хүмүүс бол яах аргагүй сэтгүүлчид. Халдварын голомт дээр нь сурвалжилга бэлдээд л явж байна. Нэг бодлын маш эрсдэлтэй алхам. Үзэгчиддээ үнэн бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэхийг зорьж байгаа хэрэг.

-Мэргэжлийнхээ юугаар хамгийн их бахархдаг вэ?

-Сэтгүүлч хүн гэдэг хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг эрхэм мэргэжил. Бас маш олон хүмүүсийн дуу хоолой, нүд чих болдог. Тиймээс ийм сайхан мэргэжлээр бахархахаас өөр аргагүй.

-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөө хуваалцвал?

-Мэдээж маш олон зорилго байна. Залуу хүн зорилготой байна гэдэг сайхан. Түүнийхээ төлөө хичээдэг байвал бүүр сайхан. Анх ирээд Солонгос улсын ассемблейн ордны сэтгүүлч болох зорилго тавьж байлаа. Асар хурдан хугацаанд өндөр хөгжилтэй орны нэг болж чадсан Солонгос орны хөгжлийн нууцаас суралцахыг хүсдэг. Одоогоор эхний зорилгоо биелүүлээд ассемблейд чөлөөтэй нэвтрэн сурвалжлах эрхтэй сэтгүүлч болсон. 

-Мэргэжил нэгт сэтгүүлчид болон, сэтгүүлчийн мэргэжлээр сурч буй залууст хандаж үг хэлээч?

-Миний хувьд үзэгчдэдээ үнэн бодит мэдээллийг хүргэхийг зорьдог. Мэдээж хурдан шуурхай хүргэх нь чухал ч мэдээллээ сайн нягтлах нь зүйтэй. Монголын зарим сайтуудыг хараад байхад бусдаасаа түрүүлж мэдээлэл хүргэх гээд, алдаатай буруу ташаа мэдээлэл цацагдаж байх тохиолдлыг олон харсан. Ингэснээр хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурч, эсрэгээрээ сайтынхаа нэр хүндийг ч алдахад хүргэдэг. Тиймээс мэдээллээ сайн нягталж, аль болох баттай эх сурвалжаас мэдээллийг авч байгаасай гэж бодож байна. Сэтгүүлч мэргэжлээр сурч буй дүү нартаа зөвлөхөд аль болох хүнд хэрэгтэй үнэн бодит мэдээ, мэдээллийг хүргэхийг зорьж  ажиллаарай л гэж хэлмээр байна.

Монголын сэтгүүлчид бусдын энд хүрч, дэлхийн хэмжээнд сэтгэн ажиллах цагийг наашлуулахаар ханцуй шамлан ажиллаж буй залуу сэтгүүлч Э.Ижилболдтой ийнхүү ярилцлаа. “Ямар ч нөхцөлд улаан шугаман дээр зогсож байдаг хүмүүс бол яах аргагүй сэтгүүлчид” хэмээн эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэж буй түүнд амжилт хүсье.