Хожимдсон, хугацаатай, “худалдаж авсан” бэлэгнүүд

Хожимдсон, хугацаатай, “худалдаж авсан” бэлэгнүүд

Эрт дээр цагаас л улс орны элч төлөөлөгчид нэгэндээ айлчлахдаа бэлэг сэлт барьж, зочилж буй талдаа хүндэтгэл илэрхийлж байсан түүхтэй. Энэ түүхийг өнөө цагийн улс төрчид ч үргэлжлүүлэн, аль нэг улс оронд айлчлахдаа сайхан харилцааны тэмдэг болгон бэлэг барьсаар байна. Улс төрчдийн эдгээр бэлэг төрөл бүрийн хэлбэртэй, утга агуулгатай байх бөгөөд тэдгээрээс хамгийн сонирхолтой гэсэн бэлэгнүүдийн талаарх мэдээллийг товчлон, түүвэрлэж хүргэе.

15 жилийн хугацаатай хулсны баавгай

БНХАУ-ын дарга Ши Жинпин болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путины нарын хооронд эртнээс л сайхан харилцаа тогтсны дээр тэд нэг нэгэндээ төрөл бүрийн бэлэг барьдаг. Хятадын даргад орос зайрмаг ихээхэн таалагддаг тул 2016 оны есдүгээр сард Харбинд Их 20-ийн форумд очихдоо Путин Ши даргад зориулан хайрцаг зайрмаг авч очжээ.

Харин хэдхэн хоногийн өмнө Орост төрийн айлчлалаа эхлүүлсэн Ши Жинпин энэ удаад Москвагийн амьтны хүрээлэнд хоёр настай эмэгчин Диндин, гурван настай эрэгчин Жуи гэх хулсны баавгайнуудыг бэлэглэжээ. Гэхдээ энэ бэлэг хугацаатай. Хулсны баавгайнууд Хятадын Чэнду дахь хулсны баавгай үржүүлэх төвд сургалтанд хамрагдсан Оросын мэргэжилтнүүдийн хяналтан дор 15 жил Орост амьдрах юм байна.

Эрх чөлөө бэлэглэсэн нь

Франц улс АНУ-д эрх чөлөөний хөшөө бэлэглэснийг хамгийн содон бэлгүүдийн тоонд оруулж болно. Энэ хөшөөг 1876 оны Дэлхийн үзэсгэлэн нээгдэх үеэр Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж Франц улс АНУ-д бэлэглэжээ. Гэхдээ энэ бэлэг 10 жилийн дараа л хүрэх газартаа очсон байна.

Энд дуулгахад, Эрх чөлөөний хөөөг 1984 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан юм.

Крымийн хойгийг бэлэглэсэн нь

ЗХУ-ын түүхэн дэх хамгийн маргаантай бэлэг нь Крымийг Украинд өгсөн явдал байв. 1954 оны 02 дугаар сарын 19-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущевын санаачилгаар ЗХУ-ын Дээд зөвлөл “ЗСНБХОУ-ын бүрэлдэхүүнээс ЗСБНУУ-ын бүрэлдэхүүнд Крым мужийг шилжүүлэх тухай тушаал”-ыг батлажээ.  Энэ нь Запорожскийн цэргүүд болон түүний харьяаны нутаг дэвсгэр Хаант Оросын харьяалалд орсны 300 жилийн ойд зориулсан бэлэг байв.

Харин Украинд улс төрийн хямрал гарсны дараа, 2014 онд, тухайн үед автономт статустай байсан Крымд  олон нийтийн санал асуулга явагдан, оролцогчдын 96% нь хойгийг Оросын бүрэлдэхүүнд эргүүлэн нэгтгэхийг дэмжснээр Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах болсон юм. Гэхдээ барууны орнууд болон Украин үүнийг нутаг дэвсгэрийг булаан эзлэсэн гэж үздэг.

Хатан хааны хувийн дэвхрэг

2002 онд Британийн хатан хаан II Елизавета өөрт нь ирсэн бэлэгнүүдийг анх удаа олон нийтэд дэлгэн харуулж байв.

Үнэт эдлэл, янз бүрийн улс орны уламжлалт эд зүйл, урлагийн бүтээлүүдийн дотор “дэвхрэг” олны анхаарлыг ихэд татсан гэнэ. Энэ нь амьд дэвхрэг мэдээж биш, харин энэ шавжийг дүрслэн ган болон шаазангаар урласан дарс хөргөх төхөөрөмж юм.

Дарс хөргөдөг дэвхрэгийг 1972 онд Францын Ерөнхийлөгч Жор Помпиду бэлэглэж байжээ.

“Худалдаж авсан” бэлэг

Өнгөрсөн жил, дөрөвдүгэр сарын 25-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Владивостокт уулзсан юм. Энэ уулзалтын дараа тэд бэлэг солилцон, Хойд Солонгосын тэргүүн Путинд сэлэм бэлэглэсэн бол Путин шатар бэлэглэн хариу барьжээ. Мөн Путин Орост зэвсэг бэлэглэх ёс байдаггүйг хэлсний дараа тэд билэгдэл болгон зоос солилцсон байна.

“Эвгүй ” нэртэй бэлэг

Ердөө хоёрхон жилийн өмнө Хойд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүнүүд “үгээр байлдаж”, Трамп Кимийг “сэтгэцийн өвчинтэй”, “пуужинтай бяцхан эр” хэмээн нэрлэж байсныг санаж байна уу?

Ким ч үүний хариуд зүгээр суусангүй, Трампыг “галзуу хөгшин” гэх мэтээр дуудаж байв.

Харин 2018 оноос хоёр орны хооронд харилцаа зөөлрөх тийшээгээ хандан, янз бүрийн түвшинд уулзалт хэлэлцээр хийж эхлэсэн юм.

Нэгэн удаагийн уулзалтаар тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчлах үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд Трампын өмнөөс бэлэг болгон Элтон Жоны дискийг бэлэглэжээ. Харин энэ дискэн дээр Rocket Man буюу “хүн пуужин” дуу багтсан байсан нь санаатай, санаандгүйн аль нь болохыг хэн ч мэдэхгүй.

Сталины бэлэг

Кимийнхэнтэй холбоотой бэлгийн талаарх өөр нэг сонирхуулахуйц баримт бий. 1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн удирдагч Иосфи Сталин БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сенд вагон бэлэглэжээ.

Сталины бэлэглэсэн энэ вагон Хойд Солонгосын анхны удирдагчийн хүү Ким Чен Ир Орост 2001 онд ирэхэд галт тэрэгнийх нь бүрэлдэхүүнд багтаж байсан гэнэ.