АНУ-д коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршлаа

АНУ-д коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршлаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 182,000 гаруй хүнд халдварлаж, 7100 гаруй хүний аминд хүрээд буй коронавирусийн тахал дэгдэж эхэлснээс хэд хоногийн дараа АНУ-ын Сиэттлд вакцин бүтээх туршилтыг хийж эхэлсэн. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын эмийн үйлдвэрлэгч "Moderna Therapeutics" компани коронавирусийн эсрэг вакциныг бүтээн АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судалгааны хүрээлэн рүү хүргүүллээ хэмээн мэдээлж байсан билээ.

Вакциныг ирэх дөрөвдүгээр сард биеийн байдал нь сайн байгаа 20 орчим сайн дурынханд хийж, туршина хэмээн мэдэгдсэн ч өчигдөр /2020.03.16/ энэхүү туршилтыг Сиэттл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд  хүнд тарьж туршжээ. Вакциныг сайн дурын хүмүүст туршсан бөгөөд одоогоор үйлчлэлийг нь ажиглан, судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм байна. Энэхүү туршилтад хамрагдсан хамгийн эхний хүн бол жижиг технологийн компаний менежер юм. Түүнтэй хамт гурван хүн мөн туршилтад орсон бөгөөд цаашид 45 сайн дурынханд вакциныг турших юм байна. 

Ердийн вакцинууд нь тухайн өвчний сулруулсан вирусийг агуулсан байдаг. Харин энэ удаа туршиж буй "mRNA-1273" вакцин нь коронавирус агуулаагүй, түүнээс хуулбарласан генетикийн кодыг агуулж байгаагаараа онцлог гэнэ. Лабораторид гаргаж авсан энэхүү хуулбарыг тарьснаар хүний биеийн дархлааны систем жинхэнэ вирусийг эсэргүүцэхэд бэлэн болох ёстой ажээ.

Туршилтад орж буй 43 настай иргэн Женеффер Халлер “Бид бүгдээрээ л өвчний эсрэг чадах бүхнээрээ туслахыг хүсч байна. Энэ миний хувьд бусдад туслах үнэхээр том боломж” гэжээ. Хэдий туршилтын эхлэл амжилттай тавигдсан ч вакциныг 12-18 сарын дотор өргөн хүрээнд ашиглах боломжгүй хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн доктор Энтони Фаучи хэлжээ. 

Судалгааны ахлагч доктор Лиса Жаксон "Одоогоор вакцин дархлааг сэргээж эерэг хариу урвал үзүүлж байгаа эсэх, ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх эсэхийг ажиглаж байгаа. Тиймээс 18-55 насны биеийн байдал нь харьцангүй сайн байгаа хүмүүс дээр туршиж байна. Вакцины гаж нөлөөг илрүүлэхийн тулд цаг хугацаа шаардагдана. Бүрэн батлагдаагүй тул олон нийтэд турших боломжгүй " гэсэн байна. 

Туршилтад сайн дураараа хамрагдаж буй иргэдэд АНУ-ын Засгийн газраас 100 доллар олгох юм байна. 

Эх сурвалж: Nbcnews