УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хориог сунгах эсэхийг БСШУСЯ-тай зөвлөлдөнө

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хориог сунгах эсэхийг БСШУСЯ-тай зөвлөлдөнө

Монгол Улсад коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс /УОК/-оос гаргасан шийдвэрээ танилцууллаа. Одоогоор Баян-Өлгийн аймагт сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус аймгаас орох болон гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Тодруулбал Цагаан нуурын боомтоор Казахстан улсаас орж ирсэн 192 хүнийг эмнэлэгт болон гэрээр тусгаарлаад байна.

Иймээс УОК, Баян-Өлгий аймгийн төлөөлөлтэй цахимаар холбогдож чиглэл өгсөн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Мөн "коронавирусийн халдвар илэрсэн гурван иргэнтэй хамт зорчсон иргэдийг ажиглалтад авч тусгаарласан. Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэдгээр дөрвөн иргэнд  ДЭМБ-ын зааврын дагуу эмчилгээ хийж байна. Голомтын бүс нутгаас өөрийн иргэдээ авчрах нь их эрсдэлтэй ажил гэдгийг бид мэдэж байсан. Тэр хэмжээгээр ч бэлтгэлээ хангасан. Монголын 750 орчим иргэн одоогоор эх орондоо ирээд байгаа. Нэг өрөөнд цөөхөн хүн байхаар байрлуулж, шинжилгээ авч ажиллаж байна” гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон. Цаашид энэ хугацааг сунгах эсэхийг Боловсролын яамтай зөвлөлдөн шийдэх юм байна.

Түүнчлэн аймаг орон нутгийн орох болон гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэх талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Нийслэлээс гарах болон орох хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй. Зөвхөн Баян-Өлгий аймагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон” гэлээ.