“Халдвар гарсан” гээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байна

“Халдвар гарсан” гээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байна

Энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 242 дуудлага, мэдээлэл ирснээс 149-н зам тээврийн ослын шинжтэй байжээ. Үүнээс зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Мөн цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Хөл хорио тогтоосон энэ үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байгаа нь коронавирусийн халдварын улмаас цагдаагийн ажилчид тандагч багаж ашиглахгүй байгаа гэсэн иргэдийн ташаа ойлголттой холбоотой ажээ. Бид энэ талаар Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн зохицуулагч Дэслэгч, Г.Далайжаргалаас тодрууллаа.

НЭГ УДААГИЙН ЛАЦТАЙ ШИНЭ ХОШУУГ ХЭРЭГЛЭН, ЖОЛООЧИЙН СОГТУУРУУЛАХ
УНДАА ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА

-Сайн байна уу. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Энэ юутай холбоотой вэ?

-Та бүгдийн амрыг эрье. Иргэдийн дунд цар тахалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тандагч багаж ашиглахгүй байна гэсэн буруу ойлголт гарсны улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, осол гаргах тохиолдол их байна.

-Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хэрхэн хийж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас “драгер” багаж ашиглан, нэг удаагийн лацтай шинэ хошууг хэрэглэн, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж ажиллаж байгаа. Хяналт шалгалтыг урьд өдрүүдийнхтэй адил эрчимтэй тавьж байна.

-Жолооч нар  өөр ямар төрлийн зөрчил их гаргаж байна?

-Үүнээс гадна техникийн хяналт үзлэг оношилгоонд хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, осол гарган өөрийгөө болон өрөөлийг, эрсдэлд оруулах тохиолдол их байна. Мөн өдрийн цагаар автобусны зогсоол дээр зогсож, нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулах зөрчлүүд олноор гарч байна. Өнгөрсөн онд зам тээврийн хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр оролцож байгаад амь насаа алдсан хэрэг их гарсан. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдод чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулан ажиллаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд

3.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,

3.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

Нэг удаагийн хэнэггүй үйлдлийн цаана олон хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байдаг. Иймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, зайлшгүй шаардлага гарвал найдвартай дуудлагын жолооч дуудахыг сануулж байна.