Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар хөнгөн тусаж байгаа гэв

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар хөнгөн тусаж байгаа гэв

А (II) бүлгийн цустай хүмүүст Covid-19 вирусийн халдвар илүү хүнд тусаж байгаа бол O (I) бүлгийн цустай хүмүүсийг хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байгааг БНХАУ-ын эрдэмтдийн судалгаа харуулжээ. Энд дарж үзнэ үү.

Эрдэмтэд судалгааг хийхдээ Ухань, Шэнжэнь хотуудын 2,000 гаруй өвчтөний мэдээллийг боловсруулж, тухайн хотуудын эрүүл хүмүүсийн өгөгдөлтэй харьцуулсан байна.

Судалгааны үр дүнгээс харвал A (II) бүлгийн цустай хүмүүст коронавирус илүү өндөр хувьтай халдварлаж, шинж тэмдгүүд нь илүү хурцаар илэрч байжээ.

Хэдийгээр энэ судалгаа нь эхний шатных, цаашид гүнзгийрүүлэх шаардлагатай ч коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ цусны бүлгээр нь ялгаж анхаарал тавих хэрэгтэйг оролцсон эрдэмтэд нь эрх баригчид болон эрүүлийг хамгаалах байгууллагуудад зөвлөсөн байна.

“А бүлгийн цустай хүмүүсийг халдвараас хамгаалахад илүү анхаарал тавьж чадвал коронавирусийн тархалтыг бууруулах боломжтой” гэж үзэж байгаагаа Уханий Их сургуулийн Жоннань эмнэлгийн тэргүүлэх судлаач Ван Шинхуань ярьжээ.

Мөн A бүлгийн цустай өвчтөнүүдэд илүү их анхаарал тавьж, эрчимтэй эмчлэх хэрэгтэй байгааг тэр хэлсэн байна.  Харин эсрэгээрээ O бүлгийн цустай хүмүүст коронавирусийн эрсдэл мэдэгдэхүйц бага байгааг эрдэмтэд илрүүлжээ.

Баримтаас үзвэл Ухань хотод коронавирусийн халдвараар нас барсан 206 хүний 85 нь А бүлгийн цустай байсан гэнэ. Харин О бүлгийн цустай хүн 52 байсан нь 63 хувиар бага үзүүлэлт ажээ. Энэ харьцаанд хүмүүсийн нас, хүйс ялгаагүй нөлөөлсөн байна.

Судалгаанд Бээжин, Ухань, Шанхай, Шэнжэнь хотуудын эрдэмтэд, эмч нар оролцож, тайланг нь өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухааны Medrxiv.org сайтад нийтэлж, бусад судлаачдын санал дүгнэлтийг авч эхэлжээ.

Эх сурвалж: South China Morning Post