Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсэх саналаа баасан гаригт УОК-т танилцуулна

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсэх саналаа баасан гаригт УОК-т танилцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.

-МОНГОЛ-ЯПОНЫ ХАМТАРСАН СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙГ ХУВЬЧЛАХГҮЙ. МАНАЙ ЯАМНЫ ХАРЪЯАНД ШИЛЖҮҮЛЖ БАЙНА-

Тэрээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шийдэх, цаашид үйл ажиллагаа явуулах төсөв мөнгийг гаргах асуудлыг цогцоор нь шийдсэн. Энэ эмнэлгийг хувьчлах, хаах тухай мэдээлэл сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр маш их явлаа. Тийм зүйл байхгүй. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжүүлж өгч байгаа.  Маргааш, нөгөөдрөөс ажлын хэсэг гаргаж, энэ эмнэлгийн асуудалтай танилцана.  

Техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Сангийн яамнаас төсөв мөнгө гаргаж,  шийдэхээр болж байна. Энэ эмнэлгийг бодит хүчин чадлаар нь ажиллуулах шаардлагатай 14 тэрбум төгрөгийг шийдсэн. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай болон Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлаар хэлэлцсэн" гэлээ. 

" ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН  АМРАЛТЫН СУНГАХ АСУУДЛААР БААСАН ГАРАГТ УОК-Т САНАЛАА ӨГНӨ"

Тэрбээр үргэлжлүүлэн "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх асуудлаар бид эрүүл мэнд хариуцсан газруудад хандсан.  Энэ 5 дахь өдөр УОК-т санал оруулна. Эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслээд асуудлаа шийднэ, саналаа УОК-т хүргэнэ.  Энэ сарын 30-аар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх ёстой. Тиймээс дахиад хэд хоног харна.  Наанадаж 7 хоногийн өмнө асуудлаа шийдэх чиглэлээр саналаа боловсруулж орох юм. Эрүүл мэндийн яам энэ асуудлыг шийдэхгүй.  УОК шийднэ.  Гэхдээ эрүүл мэндийн байгууллагын саналыг харна. Сунгахаар болбол ариутгал, халдваргүйтлийг сайн хийнэ" гэлээ.