“Евро 2020” тэмцээнийг нэг жилээр хойшлууллаа

“Евро 2020” тэмцээнийг нэг жилээр хойшлууллаа

Энэ зун болох төлөвлөгөөтэй байсан Европ тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарчээ.

Өчигдөр болсон UEFA-гийн шуурхай видео хуралдаанаар уг шийдвэр гарсан байна. Хуралдаанд Европын улсуудын хөлбөмбөгийн холбоодын удирдлагууд оролцсон юм.

Энэ зун зургаадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх байсан Евро 2020 ирэх оны зургаа, долдугаар саруудад болохоор хойшилжээ.

Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Европын гол лигүүдийн тэмцээнүүд зогсоод байгаа. Тэгвэл Евро 2020 хойшилсноор эдгээр лигүүд өөр өөрийн тэмцээнийг цаг хугацаанд шахагдалгүй дуусгах боломжтой болж байна.

“Тахлын үед хөлбөмбөгийн ертөнц ч бас нийгмийн хариуцлага, нэгдэл нягтрал, энэрэнгүй ёсыг харуулах ёстой” гэж Европын хөлбөмбөгийн спортын дээд байгууллага UEFA-гийн ерөнхийлөгч Александер Сеферин мэдэгджээ.

Эх сурвалж: BBC