СОНГУУЛЬ 2020: Дундговь, Говь-Сүмбэрт Сү.Батболд нэр дэвшихгүй бол Г.Мөнхцэцэг өрсөлдөнө

СОНГУУЛЬ 2020: Дундговь, Говь-Сүмбэрт Сү.Батболд нэр дэвшихгүй бол Г.Мөнхцэцэг өрсөлдөнө

2012 оноос хойш нэг тойрог болж ирсэн Дундговь, Говь-Сүмбэрийг энэ жилийн сонгуулийн хуулиар өөрчилж хоёр салгасан. Угтаа бол 1992-2008 онд тус тойрог хоёр мандаттай байсан ч 2011 оны Сонгуулийн тухай хуулиар мандатын тоог нэгээр цөөлсөн түүхтэй. 1992 оны УИХ-ын сонгуульд МАН /тухайн үеийн МАХН/-аас нэр дэвшсэн С.Батмөнх, Н.Тогтох нарыг төлөөллөөрөө илгээсэн байдаг.

Харин 1996 оны УИХ-ын сонгуулиар дундговьчуудын санал өөрчлөгдөж, АХ эвслээс нэр дэвшсэн Ж.Отгонбаяр болон МАН-ын Н.Тогтох нар ялалт байгуулсан билээ. 2000 оны ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Н.Тогтох гурав дахь удаагаа ялалт байгуулж, Дундговиос хамгийн олон удаа сонгогдсон төрийн түшээ болж байв.

Түүнтэй хамт Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Наранцацралт ялалт байгуулж, дундговьчууд УИХ-д төлөөлөх нэг эрхээ түүнд “шилжүүлсэн” түүхтэй.

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө үзэл баримтлал нэг улс төрийн хүчнүүд “Эх орон-Ардчилсан” эвслийг байгуулсан билээ. Ийнхүү тус эвслээс нэр дэвшсэн Ж.Наранцацралт Дундговиос дахин сонгогдсон. Харин МАН- ын нэр дэвшигч Р.Раш нөгөө суудлыг нь авсан байдаг. Тэгвэл 2008 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Х.Наранхүү, Р.Раш нар УИХ-ын гишүүн болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүүг өнөөдрийн УИХ-д сууж буй Б.Наранхүү үргэлжлүүлсэн. Гэхдээ тэд намын харьяалал нь өөр гэдгийг сануулъя. Х.Наранхүүгийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой төсөлд IPO босгож, хөрөнгө оруулалт татах хүндхэн үүрэг хүлээж суугаа аж.

Харин 2012 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү 8064 сонгогчийн дэмжлэг авсан нь 42.56 хувийн саналаар ялалт байгуулсан явдал. Энэ нь улсын хэмжээнд хамгийн цөөн саналаар сонгогдсон гишүүн болсон гэсэн үг.

-Д.ДАМБА-ОЧИР ТОЙРГОО ТОЙГЛОЖ БУЙ БОЛ СҮ.БАТБОЛД
“ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ” ЯВНА-

Харин ирэх сонгуулиар тус тойрогт нэр дэвших хүмүүс аль эртнээс өөрсдийгөө тодруулсан. Говь-Сүмбэр, Дундговийн тойрогт эрх баригч хүчин болох МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэр дэвшихээр зэхэж буй. Түүний хувьд 2016 оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон ч энэ удаад тойргоо сольж, Дундговийг тойглоод удаж байна. Нэр дэвших удаах эрхэм нь УИХ-ын гишүүн Сү.Батболд. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон мөн л тойргоо сольж, Дундговьчуудыг бараадаж байна. Гэхдээ түүний хувьд тойргоо баталгаажуулах хүртэл хос морьтой “давхиж” буй.

Хэрэв УИХ-ын гишүүн Сү.Батболд Дундговь аймгийн 6 дугаар тойргоос татгалзвал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2016 оны сонгуулиар Говьсүмбэр аймгаас сонгогдсон гэдэг утгаараа нэр дэвших нь гарцаагүй юм. Харин энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд хэн нь намын гишүүдийнхээ итгэлийг хүлээх нь албан ёсоор баталгаажаагүй.

-АН-ААС Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ Н.СОЁМБО НЭР ДЭВШИХ ҮҮ-

Гэхдээ Дундговиос хоёр ч удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ удаа нэрээ татаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна Дундговьчуудын итгэлийг хүлээж, парламентад  сууж байсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо нэр дэвшихээр эхний ээлжинд тодорч байна гэх ч мэдээлэл байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд чуулганы хуралдаа оролцдоггүй, хамгийн их таслалттай гишүүнээр тодорсон. Тэрбээр төсөв хэлэлцэх, Засгийн газар огцруулах болохоор ирээд суучихсан харагддаг. Ингээд баяр ёслол болохоор тойрогтоо мотоцикль, сав суулга, хадаг самбай, хурдан морь тараадаг нэгэн юм.  Тиймээс ч Дундговьд рейтинг нь унадаггүй.