Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн БНСУ-ын 18 настай охины ТЭМДЭГЛЭЛ

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн БНСУ-ын 18 настай охины ТЭМДЭГЛЭЛ

Коронавирусийн халдвар, тархалт энэ цагт дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж байна. Манай улсын иргэдийн тогтмол зорчдог БНСУ-д сүүлийн нэг сарын хугацаанд тус вирус эрчимтэй тархаж, манай улсын зүгээс тус улстай харилцах агаарын зам /хил/-аа хаагаад байна.

Тэгвэл, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн БНСУ-ын 18 настай охины тэмдэглэлийг БНСУ, Сөүл хот дахь Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа орчуулан өөрийн facebook хуудастаа нийтэлжээ. Иймд тус вирусийн халдвар хэрхэн богино хугацаанд халдварладаг, өдөр бүр Улсын онцгой комисс, ЭМЯ-наас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол дагахыг иргэдэд анхааруулах үүднээс тус орчуулгыг isee.mn сайт нийтэлж байна.

ОРЧУУЛГА: 

Ковид19-өөр өвдөөд эдгэрсэн 18 настай охины яриа...

Тэгү хотын иргэн, ахлах сургуулийн сурагч тэрээр Шинчонжи сүмийн итгэгчтэй 10 орчим минут л ярилцсан бөгөөд энэ хооронд л халдвар авчихсан байсан юм. "Ханиалгахад хоолой дээр цэр тээгэлдээд яг үхэх гэж байгаам шиг...өндөр настай, хүнд өвчтэй хүмүүс бол тэвчихэд үнэхээр бэрх" Ким хэмээх энэ охин өөрийхөө мэссэнжерээр энэ тухайгаа бичсэн байна. "Хөдөлж ч чадахгүй маш их өвдөж байсан боловч эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар давж гарлаа" гэсэн байв.

Тэрээр өнгөрсөн сарын 20-ны өдөр Тэгү хотын нэгэн метроны буудал дээр сүмээ сурталчлах ажлаа хийж байсан шинчонжи сүмийн итгэгчид баригдан амны хаалтаа авч 10 минут орчим ярилцсан байна. Гэвч тэр шинчонжи итгэгч халдвар тараагч байсныг сүүлд нь мэдсэн юм. Энэ сарын 2-ны өдөр Явуулын шинжилгээний төвд шинжилгээ өгөөд 2 хоногийн дараа эерэг буюу халдварт авсан нь тогтоогтов. Одоо ч гэсэн бодоход үнэхээр дургүй хүрмээр утгагүй. Тэр "ийм богино хугацаанд халдана гэж төсөөлөө ч үгүй" гэсэн байв.

Халуурах болон шинэ төрлийн коронавирусын бусад шинж тэмдэг 5-ны өдрөөс эхэлж 7-ны өдөр дээд цэгтээ хүрэв. Энэ хугацаанд гэртээ өөрийгөө тусгаарлав. Учир нь эмнэлгийн ор хүрэлцэхгүй учир Тусгаарлах эмчилгээний төвд 9-ний өдрөөс орох боломжтой байсан нь тэр юм.

Тусгаарлалтын үед гэрийхэн нь өрөөний хаалганы өмнө хоол тавьж байв. Жорлонд орох болгондоо Эрүүл мэндийн төвөөс олгосон ариутгалын бодисыг цацаж байв. Ким охины аяга тавга болон хувцсыг дандаа тусад нь угааж цэвэрлэж байв. Дүүргийн захиргаа болон Эрүүл мэндийн төвөөс өдөрт хэд хэдэн удаа утсаар залгаж амны хаалтны хүрэлцээ ба эрүүл мэндийн байдал, хүнс хоолны орцны талаар шалган асууж байлаа. Эрүүл мэндийн төвийн ажилтан "Шинж тэмдэг байвал үүр шөнөөр ч хамаагүй залгаарай" гэж тайвшруулж байсан. Гэхдээ Ким охиноос халдвар авсан өөр халдварлагч байгаагүй юм.

Тэрээр хөнгөн хэлбэрийн өвчтөн гэгдэж байсан боловч маш их зовж, хүнд өвдсөн гэдгээ бичсэн байлаа. Халуурсандаа гарсан хөлс нь нэвт норж, шөнө бүр амьсгалахад хүнд байв. Энэ үед халуун бууруулагч өвчин намдаагч Тайлоноль гэх эмийг ууж байлаа. "Амьсгаагаа авахад уушиг урагдаж байгаам шиг өвдөж, ханиалгахад хоолойн дээр цэр тээгэлдэж яг л үхэх гэж байгаам шиг. Хэвлийн доод хэсэг, гэдсээр байн байн хүчтэй өвдөж, үүний дараагаас хамаг тамир барагдаж хэдэн цагаар хөдөлж ч чадахгүй хүнд байсан" гэсэн байна.

Зарим айхтар хүнд үедээ тэр өвдөлт 3 цагаар ч үргэлжлэх нь бий. Энэ хүнд өвдөлтийн 4 хоног өрөөн дотроо нэг ч алхаж чадахгүй байсан тухайгаа бичсэн байна. Ким хэлэхдээ "Өндөр настай, хүнд өвчтэй хүн бол тэвчиж өнгрөөхөд үнэхээр бэрх" гэж тэрхүү өвдөлтийн тухай тайлбарлав. Вирустай нь батлагдаж гарснаас яг 10 хоногийн дараа буюу өнгөрсөн 13-ны өдөр өглөө сэрэхэд бүх өвдөлт огт байхгүй болж зүүд зэрэглээ шиг юм болов. Шинжилгээ өгч үзэхэд эдгэрчээ. Ким уйлмаар ч юм шиг үнэхээр их баярласнаа бичсэн байна. "Тусгаарлах байрнаас гарч чөлөөтэй алхаж үзсэнийхээ дараа л эдгэрсэн гэдгээ биеэрээ мэдэрсэн" гэжээ.

Маш хүндээр өвдөж, зовсон энэ цаг үеийг гэр бүлийхэн болон эмнэлгийн ажилтнуудын хүчээр давлаа. Халдвар авсан хүнийг хэн ч буруутгах ёсгүй гээд "Тэгү хотод халдвартай өвчтөнүүд бөөнөөр гарсан энэ үед үүнтэй тэмцэж, эелдэг найрсагаар эмчилгээ туслалцаа үзүүлж байсан эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа" гэсэн байлаа. Мөн хэн ч халдвар авахгүйг л хүснэ. Эргэн тойронд чинь халдвар авсан хэн нэгэн байгаа бол халуун дулаан хандахыг хүсье гэжээ.

Хангүк Илбу сонинд Ким Хён Жүн сэтгүүлчийн бичсэнийг орчуулав.

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

БНСУ, Сөүл хот