КАЗАХСТАН: Сонгуулийн үеэр жагсагчдыг баривчилж, сэтгүүлчдийг саатуулжээ

КАЗАХСТАН: Сонгуулийн үеэр жагсагчдыг баривчилж, сэтгүүлчдийг саатуулжээ

Зургаадугаар сарын есний ням гаригт Казахстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо. Энэ улсыг 1990 оноос хойш удирдсан Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 29-нд албан тушаалаасаа огцрох болсон талаар гэнэтийн мэдэгдэл хийсэн бөгөөд улмаар ээлжит бус сонгуулийг товлосон юм.

Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд 7 нэр дэвшигч өрсөлдснөөс Назарбаевын залгамжлагч, эрх баригч "Нур Отан"намаас нэр дэвшсэн Касым-Жокарт Токаев голлох нэр дэвшигч байлаа. Токаев урьдчилсан дүнгээр 70 орчим хувийн санал авч ялалт байгуулжээ. Түүнийг сонгуульд ялна гэдэгт хэн ч эргэлзээгүй бөгөөд чухамхүү энэ нь сонгуулийн өдөр Нурс-Султан болон Алматы хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх шалтгаан болсон байна.

Тодруулбал, сонгуулийн өдөр дээрх хотуудад олон зуун хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид сонгуулийг эрх чөлөөт биш, шударга бус хэмээн шүүмжлэн "бид Токаевыг сонгоогүй" хэмээн хашгиралдаж байжээ.

Гэвч энэ жагсаалыг хүч хэрэглэн тараасан гэж зарим хэвлэлүүд мэдээлж байна. Казахстаны Дотоод хэргийн газраас жагсаалыг "зөвшөөрөл аваагүй тул тараасан, 100 орчим хүнийг саатуулсан" гэж мэдээлсэн бол  Казахстанд ажилласан Франс Пресс зэрэг агентлагууд 500 гаруй хүн баривчлагдсан гэж мэдээллээ.

Тэр дундаа сэтгүүлчдийг ч мөн саатуулсан байна. Тухайлбал Британийн сэтгүүлч Риклтон "Намайг ажлаа хийсний төлөө баривчиллаа. Баривчлахдаа бүдүүлэг хандсаны улмаас би цагдаагийн өвдгийг цохин унаж,  миний нүд хөхөрсөн. " гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна.

ВВС агентлагийн мэдээлснээр Крис Риклтон болон түүний хамтрагч 2 цаг гаруй саатуулагдсны дараа  Гадаад хэргийн дэд сайд Роман Василенко сэтгүүлчидтэй холбогдон, уучлалт гуйж, дараа нь тэднийг суллажээ.