Монголчууд ОХУ-ын хилээр маск гаргах гэж байгаад хураалгажээ

Монголчууд ОХУ-ын хилээр маск гаргах гэж байгаад хураалгажээ

Монголчууд 12 кг бүхий 4350 ширхэг эмнэлгийн амны хаалтыг ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын гаалиар хил нэвтрүүлэх гэж байгаад хураалгажээ. Тэдгээр иргэдэд эмнэлгийн амны хаалтыг хилээр нэвтрүүлэхтэй холбогдох зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан гэж Алтайн Бүгд найрамдах улсын гаалийн хэвлэлийн алба мэдээлж байна.

Иймээс ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулий 16.3-т зааснаар дээрх иргэдэд хэрэг үүсгэн шалгаж байна. ОХУ нь Эрүүл мэндийн зарим бүтээгдэхүүн, тэр дунаа амны хаалтыг хилээр гаргахыг түр хугацаанд хориглосон шийдвэрийг гуравдугаар сарын 3-нд гаргасан. Энэ хоригт хүмүүнлэгийн зорилгоор болон иргэдийн хувийн хэрэглээндээ ашиглах цөөн тооны бүтээгдэхүүн хамаарахгүй юм.

Амны хаалтаас гадна хөвөн, самбай, боолт, халдвараас сэргийлсэн нэг удаагийн болон олон удаагийн өмсгөл, гутал, ариутгах бодисууд, халдвараас сэргийлэх тусгай зориулалтын нүдний шил, вирус устгах үйлчилгээтэй бодисууд хоригт багтав.

Дэлхийн олон оронд тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авсан бөгөөд хориг 2020 оны зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: TASS