Итали нас баралтын тоогоороо БНХАУ-ыг гүйцлээ

Итали нас баралтын тоогоороо БНХАУ-ыг гүйцлээ

Өчигдөр буюу Пүрэв гарагт Итали улсад шинэ коронавирусийн халдварын улмаас 427 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 3,406 хүрсэн юм.

Энэ үзүүлэлтээрээ Итали улс БНХАУ-ыг гүйцэж, дэлхийд хамгийн олон эндэгдэлтэй орон болж байна.

Харьцуулбал БНХАУ, Хонг Конг, Макао, Тайваньд нийлээд өнөөдрийг хүртэл 3,250 хүн Covid-19 өвчлөлөөр нас бараад байгаа юм. Итали улс 60 сая орчим хүн амтай бол БНХАУ-ын хүн амын тоо 1.3 тэрбум. Гэхдээ Итали нь өндөр настай иргэдийн хүн амд эзлэх хувиар дэлхийд зөвхөн Японы дараа жагсдаг юм.

2017 онд НҮБ-аас гаргасан тоо баримтаар бол Италийн хүн амын 30 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байжээ. Үүнээс гадна Итали улсад илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол нийтдээ 41,035 хүрсэн нь дэлхийд зөвхөн БНХАУ-ын (80,928) дараа орох муу үзүүлэлт юм.

Тус улсын засгийн газраас цэргүүдийг мөн халдварын тархалтыг зогсоох ажиллагаанд дайчлан гудамж, талбайд байрлуулжээ. Ингэснээр хорио цээрийн дэглэмийг илүү чангатгаж байгаа юм.

Италид халдварын улмаас нас барсан хүмүүсийн дотор таван эмч байгаа ажээ.

Covid-19 өвчний улмаас дэлхий даяар нийтдээ 9,600 гаруй хүн амиа алдаад байна. Европ дахь тахлын дараагийн том голомт болсон Испани улсад өчигдөр 209 хүн нас барж, нийт эндэгдэл нь 767 хүрчээ.

Өчигдрийн байдлаар энэ улсад нийт халдвар авсан хүний тоо 17,147 хүрсэн нь өмнөх өдрөөсөө 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэл Мадрид хотод 16 минут тутамд нэг хүн халдварын улмаас нас барж байгааг эрх баригчид мэдээлжээ.

Өчигдөр Европын бяцхан вант улс Монакогийн ханхүү Альберт коронавирусийн халдвар авснаа зарласан бол Европын Холбооны Brexit хэлэлцээрийн ахлагч Мишель Барнерын шинжилгээний хариу мөн эерэг гарсан байна.

Эх сурвалж: Reuters