Д.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй байгаа

Д.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй байгаа

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцжээ. Хамгийн эхлээд,  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан байр сууриа нэгтгэсэн байна.

Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ,  

АН-ын зөвлөлийн хуралдаанаар АН-ын зөвлөл 2017 оны долдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдэлдээ, Ардчилсан Үндсэн хууль ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад, өөрчлөх цаг үеийн шаардлага байгаа гэж тэр үед мэдэгдэж байсан. Харин өөрчлөлт хийхдээ "Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах ёстой. Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаагаад байгаа зүйлийг шийдэх, ардчиллын байр суурийг баримтлахаа илэрхийлсэн. Өнөөдөр ч бидний энэ шаардлага хэвээр байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхдөө үнэмлэхүй олонхийн шийдлээр явах нь эргэлзээтэй. Энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгаа. Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хянах ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнтээ үнэмлэхүй олонхиороо хэлэлцэж байгаа учир АН оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Мөн тэрбээр, “ОУПХ-ны тэргүүнтэй анх удаа бид уулзаж, Г.Батхүүгийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсан. Энэ удаа бас С.Зориг агсны хэрэг шиг давтагдах вий гэж болгоомжилж байна. Г.Батхүү агсны асуудал мөрдөн байцаах шатанд явж байна. Асуудлыг битүү байдлаар шийдэх хэмжээнд явж байна. Тийм учраас энэ хэрэг дахин нотлогдохгүй зүйл рүү орчих вий. Шинжилгээгээр тархины цус харвалт болоогүй, зүрх нь зогсоогүй гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох тухайгаа цахим сүлжээнд нийтлэсэн байдаг. Энэ тухай АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ,  “О.Баасанхүү гишүүн өмнө нь бидэнтэй уулзаж байхдаа албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьсан. Одоогоор албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа” гэлээ.