О.Баасанхүү: МАХН-аас гарахгүйгээр АН-ын бүлэгт элсэнэ

О.Баасанхүү: МАХН-аас гарахгүйгээр АН-ын бүлэгт элсэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй  хамтран ажиллаж, найман гишүүнтэй болгох улмаар хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм.

УИХ-ын тухай хуулийн 7.1 дэхь заалтад “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн байдаг. Нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй.

Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэх саналтай байна.

Нэгдэх болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан  Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас яах аргагүй Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна. Тэгэхээр УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж ойлгосон. Хоёрдугаарт, Монголын иргэд 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын  есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь улстөрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан боловч  ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. Гэтэл ард түмэн та бүхэн биднээс асууж байж Үндсэн хуулиа өөрчил гэсэн байгаа шүү дээ.  АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, завсарлага авч ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай  гэсэн боловч өнөөдөр бүлэггүй болсон. АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон. МАХН УИХ дахь төлөөллөөрөө дамжуулан төрийн бодлогод оролцох ёстой боловч сонирхолгүй байна.

Сонгууль болтол маш олон асуудал яригдана, энэ үед сөрөг хүчин хүчтэй байх ёстой. Төсвийн бодлого гэх мэт. Би аль ч бүлгийн гишүүн биш. Гэхдээ би МАХН-ын гишүүн. Тэгэхээр би намаасаа гарахгүйгээр АН-ын бүлэгт орох хүсэлтээ илэрхийлж байна. МАН 64 гишүүнтэй учраас надтай, надгүй явчихна. Харин АН-тай нэгдэж хууль бус зүйлийн эсрэг сөрөг хүчин болон ажиллахад бэлэн байна. МАН Үндсэн хууль өөрчилж байна, сонгууль явуулахгүй байна, тэд нар Монголоороо тоглож байна. Тэд хүссэнээрээ аашилж байна. Тэгэхээр Монголоороо тоглуулахгүйн тулд надтай хамтрах байх гэж бодож байна ” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө