ОХУ-аас ирж байгаа иргэдийг вагоноор тээвэрлэж Орхон аймагт тусгаарлана

ОХУ-аас ирж байгаа иргэдийг вагоноор тээвэрлэж Орхон аймагт тусгаарлана

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.

Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур боомтоор хил нэвтрүүлэхийг мэдэгдэж байна. Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй юм.

Тэгвэл ОХУ-аас ирэх Монгол иргэдийг Орхон аймагт тусгаарлахаар болсон байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэл хийх үеэрээ “ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг Орхон аймаг руу төмөр замаар буюу вагоноор тээвэрлэн тусгаарлана. Мөн бид энэ асуудлыг Орхон аймагт даатган орхихгүй гэдгээ тодотгон хэлье. Иргэдийг Улсын хилээр орж ирэхээс эхлээд үзлэг тандалт хийх, шалган нэвтрүүлэх, тусгай вагон бэлтгэх, тээвэрлэн хүргэх гээд бүхий л үйл ажиллагааг манай аймаг хариуцан хийж гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн байна.