Гомдол гаргасан резидент эмч нарыг даваа гарагаас татан буулгана

Гомдол гаргасан резидент эмч нарыг даваа гарагаас татан буулгана

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас өгсөн мэдээлэлд “резидент эмч нарыг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байгаа бөгөөд өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон” гэж мэдээлж байсан.  

Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргалаа.

Коронавируст (COVID-19) халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос  нийт 185 орныг хамраад байна. (COVID-19) цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна.

Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) - Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн  урамшуулал олгохоор тооцсон байгаа.

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар