Д.Нямхүү “сайхан мэдээ” гэж тодотгож, ҮАБЗ хуралдсаны учир юу байв

Д.Нямхүү “сайхан мэдээ” гэж тодотгож, ҮАБЗ хуралдсаны учир юу байв

Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулж манай улс Cөүл, Токио, Берлин, Москва, Анкара чиглэлд тусгай нислэг үйлдэж, хүндэтгэн үзэх шалтгаантай 1000 гаруй иргэнээ эх оронд нь авчирсан. Харамсалтай нь дээрх нислэгээр ирсэн манай улсын 9 иргэн коронавирусийн халдвар авч, тус өвчнийг Монголд зөөвөрлөн авчирсан нь нэлээдгүй асуудлыг дагуулж байна.

Тухайлбал, олон цагийн турш тэдэнтэй хамт ирсэн хүмүүс болоод тус өвчний нууц үе 14 хоног болон түүнээс дээш тохиолдолд илэрч байгаа нь зарим иргэдийг болгоомжлолд оруулаад байна. Учир нь тусгай нислэгээр тэдэнтэй хамт ирсэн иргэдийн “тусгаарлалтын 14 хоногийн хугацаа” энэ долоо хоногт дуусаж байгаа юм.

-ГАДНААС ИРСЭН ИРГЭД АЮУЛ ДАГУУЛЖ БАЙГАА ЮУ-

Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд манай зарим улс төрч, эмч нар “коронавирусийн нөхцөл байдал манай улсад эрсдэл дагуулж болзошгүй” гэх утгатай мэдээллийг өөрсдийн facebook, twitter хуудастаа нийтэлсэн нь иргэдийн дунд багагүй хардлагыг төрүүлээд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа “Маргааш /2020.03.22/-ийн 11 цагийн мэдээг сэтгэл түгшин хүлээж сууна. Японы усан онгоцны гунигт түүхийг манай МИАТ давтаж дээ. Харамсалтай бас аймшигтай” гэжээ. Сонирхуулахад, энэ оны хоёрдугаар сард Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо 3700 гаруй зорчигчтой “Diamond Princess” аяллын хөлөг онгоц хөл хорионд орсны улмаас 542 хүн коронавирусийн халдвар авсан юм. Учир нь анх тус онгоцонд зорчиж явсан 10 орчим хүнээс коронавирусийн халдвар илэрч, ийнхүү хөл хорио тогтоосноор халдвар авагчдын тоо 542 хүн болж өссөн юм. 

Харин Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өөрийн твиттер хуудастаа “Ирэх 7 хоногоос хяналтаасаа алдах н дээ … тэгвэл 2-3 сар заваарч, сүйрч, үхэж, үгүйрч Наадамаар л сэхээнээс гарсан өвчтөн шиг сулдидуухан юм амисгаадан зогсох байх” гэжээ.

Учир нь дээрх мэдээллийг оруулсан хүмүүс бол мэдээлэлд ойр, зарим төрийн мэдээллийг шууд авах боломжтой албан тушаалтнууд юм. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд бид албаны буюу Улсын онцгой комисс, ЭМЯ-ны мэдээллийг зөвхөн эх сурвалжаа болгож мэдээллийг олон нийтэд түгээж байгаа билээ. Иймд дээрх иргэд ямар мэдээлэлд үндэслэж, коронавирусийн халдварын талаар дээрх мэдээллийг мэдээлэв гэдэг анхаарал татаж байгаа юм.

-ҮАБЗ ХУРАЛДАЖ, ХӨСҮТ-ИЙН ДАРГА Д.НЯМХҮҮ “САЙХАН МЭДЭЭ” ГЭЖ ТОДОТГОЖ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙВ-

Харин олон нийтийн сүлжээ /facebook, twitter/ –нд нийгэмд нөлөө бүхий зарим иргэд дээрх байдлаар байр сууриа илэрхийлсний маргааш /2020.03.22/ буюу Ням гарагийн 11 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өнөөдрийн байдлаар нийт 10 хүн шинэ коронавиурсийн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа, бүгдийнх нь бие сайжирч байна. Хоёр өвчтөн хүнд байсан, өдөр тутам бие нь сайжирч байна. Сайхан мэдээ дуулгаж байгаадаа маш их баяртай байна” гэж тодотгон мэдээлэл хийсэн юм.

Харин өчигдөр /2020.03.22/ өглөө 9:00 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гурван гишүүн болох Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар “коронавирусний Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах” талаар хуралдаж, зөвлөлдсөн байгаа юм.

Үүний дараа засгийн газар хуралдаж “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгах, Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл улс орон даяар хийх” зэрэг шийдвэр гаргасан билээ. Харин энэ бүх эерэг болоод сөрөг мэдээллүүд хоорондоо холбоотой юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.