БАРИМТ: Өмнөговь аймгийн Засаг дарга “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 гаруй сая төгрөгөөр ажилчдаа гадаад явуулжээ

БАРИМТ: Өмнөговь аймгийн Засаг дарга “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 гаруй сая төгрөгөөр ажилчдаа гадаад явуулжээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар захирамж гаргаж “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 гаруй сая төгрөгөөр ажилчдаа Европын холбооны улс болон АНУ-руу явуулжээ.

Тодруулбал, энэ оны  хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулагдсан цэрэг, иргэний хамгааллын чиглэлээр туршлага судлах арга хэмжээ, сургалтад ажилчдаа хамруулсан байна. Ингэхдээ нийт зардал болох жаран сая төгрөгийг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс гаргажээ. Мөн Европын Холбооны улсад 2019 оны хоёрдугаар сарын 08-18-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр турлшлага судлах арга хэмжээнд ажилчдаа хамруулахдаа мөн л “Зөгийн үүр” хөтөлбөрийн сангаас жаран зургаан сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун төгрөгийг гаргуулсан байна.

“Зөгийн үүр” хөтөлбөрийг 2010 оны долдугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан.

ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ ЗОРИЛГО НЬ:

1. Хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх,

2. хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх,

3. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгох юм.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Зөгийн үүр” хөтөлбөрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж ажилчдаа гадаадад явуулахад ашигласан нь доорх БАРИМТААС харагдаж байна юм. Угтаа бол “Зөгийн Үүр” хөтөлбөрийн мөнгө нь дээрх нэр дурдагдсан ажлуудад зарцуулагдах ёстой билээ.